Ашигт малтмалыг ард түмний хяналтад байлгана

Хуучирсан мэдээ: 2014.05.12-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалыг ард түмний хяналтад байлгана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэлээ. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл, 2014 оны Төсвийн тодотголын төсөл болон бусад асуудлаар хуралдсан байна. Бүлгийн хуралдааны талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Я.Содбаатар нар мэдээлэл хийлээ. Эдийн засгийн хямралаас яаж богино хугацаанд гарах вэ гэдэг  өнөөдөр Монголд хамгийн номер нэг асуудал болоод байгаа. Тиймээс ч МАН-ын бүлэг энэ асуудалд жилийн өмнөөс анхаарч 14 ажил хэрэгч санал гаргаснаас 12 нь эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолд туссан. Энэ тогтоол батлагдсан өдрөөс эхлэн нийгэмд бий болсон хамгийн том хүлээлт  бол одоо л нэг хямралыг давах шийдлээ хүлээсэн томоохон ажлууд хийгдэх нь гэсэн хүлээлт байлаа. Харамсалтай нь дээрх хүлээлтийг хэрэгжүүлэхэд гол суурь болох учиртай Төсвийн тодотголыг  Засгийн газар  дэндүү хариуцлагагүй байдлаар оруулж ирлээ. Өөрөөр хэлбэл үг үйлдэл яаж зөрдгийг Засгийн газраас оруулж ирсэн Төсвийн тодотгол харууллаа гэж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдлээ. 

 

Урсгал зардлаа бодитоор бууруулахыг дахин шаардана

МАН-ын бүлэг Засгийн газарт хандаж төрийн данхайсан бүтцийг цомхон болго, улс орны төсөв санхүү хүндэрсэн энэ үед урсгал зардлыг бууруулж хэмнэлтийн горимд шилжүүлээч ээ гэсэн асуудлыг тавьж байсан. Мөн ханшаа зөв тооцоолохыг сануулсан. Өнөөдөр нэг ам доллар 1820 төгрөгт хүрчлээ. Гэтэл төсвийн хуульд 1384 байхаар тооцож суулгасан байгаа. Тиймээс бодит байдалтай нийцүүлж үнэн зөв тооцоон дээр үндэслэн улсынхаа төсвийн орлого зарлагыг тооцож яваачээ гэсэн шаардлагыг МАН-ын бүлэг тавьсан. Гэтэл энэ шаардлагуудын аль нь ч төсвийн тодотголоор орж ирсэнгүй. Мөн Чингис бонд, Самурай бонд, Хөгжлийн банкны  өрийг төсөвтөө суулга гэсэн шаардлагыг ч бид тавьсан. Харамсалтай нь бас л тодотголд суулгасангүй гэж МАН-ын бүлгийн дарга онцоллоо. Угтаа бол Засгийн газар 100 хоногийн хөтөлбөртэйгээ уялдуулж төсвийн тодотголоо өргөн барих ёстой байтал тэс хөндлөн ямар ч уялдаа холбоогүй тодотгол оруулж ирсэнд МАН-ын бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Тиймээс тоо нь худлаа бодлого нь худлаа орж ирж байгаа алдаатай төсвөө бодит байдалд нийцүүлэн Засгийн газар дахин хянаж нэг мөр сайтар боловсруулсан төсвийн тодотгол өргөн барих нь зүйтэй гэдэг дээр МАН-ын бүлэг санал нэгдсэн гэж ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар мэдэгдэв. Түүний хэлснээр ам.долларын ханшаа бодит байдлаас зөрүүтэй буруу авчихаар төсвийн бүх тооцоо алдаатай худлаа болдог байна. Энэ үүднээс үзвэл 30 хувийн алдаатай төсөв тодотголоор орж ирсэн гэж үзэж байгаа аж. Тиймээс ханшаа зөв тооц, царцаасан 273 обьектуудын санхүүжилтийг ил тод болго, урсгал зардлаа бодитой бууруул. Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолтойгоо тодотголоо уялдуул гэсэн шаардлагуудыг МАН-ын бүлэг тавьж байна. Ингэж байж эдийн засгийн хямралаас богино хугацаанд гарч, өнөөдөр Монголын нийгэмд үүсээд байгаа баян ядуугийн эрс ялгааг арилгаж чинээлэг дундаж давхаргыг бий болгож чадна гэж үзэж байгаагаа бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.

 

Хилийн зурвас, дархан цаазат газар ашигт малтмал олборлохыг дэмжихгүй

Сүүлийн дөрвөн жилийн турш хориг тавьж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг эдийн засгийн хямралыг даван туулахын тулд үргэлжлүүлэн олгох санаачилгыг Засгийн газар дэвшүүлсэн. Уг асуудлыг МАН-ын бүлэг ил тод, олон нийтэд нээлттэйгээр хэлэлцэх ёстой гэдэг дээр санал нэгдэв. Хямралыг давах халхавчин дор хилийн зурвас, дархан цаазат болон тусгай  хамгаалалттай газар нутаг “Монголын үүц” болсон орд бүхий  ашигт малтмалыг олборлох үйл ажиллагаа явуулахыг МАН-ын бүлэг дэмжихгүй гэж үзлээ. 

Түүнчлэн УИХ-аар шийдвэрлэдэг улсын хилийн зурвас газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг өөрчилж, Засгийн газар хараа хяналтгүй дангаараа хэрэгжүүлэх санаархлаа хуулийн төсөлд тусгасаныг  МАН-ын бүлэг буруу гэж дүгнэв. Уг хуулийн төслийн хүрээнд төрийн байгууллагын шат дамжлага, хүнд суртлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад хандсан таатай нөхцөл байдлыг дордуулсныг шүүмжлэв. Тухайлбал  ашигт малталын салбарт шинэ бүтэц бий болгож төрийн данхар нүсэр бүтцийг нэмэх, хайгуулын лиценз олгох асуудлыг АМГ, Уул уурхайн яам, Засгийн газар гэх мэт олон шатаар дамжуулахаар хуульчилсан нь хүнд суртал, авлигал хээл хахуулыг бий болгох нөхцөл гэж үзлээ. Тиймээс ухаалаг төрийн зарчимаас ухарч төрийн захиргааны оролцоо, бүтцийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг үргээсэн, албан тушаалтнуудын оролцоог өсгөсөн заалтуудыг үгүй болгох шаардлага тавихаар болов.

 

Ашигт малтмалыг ард түмний хяналтад байлгана

2012 оны сонгуульд АН “Уул уурхайн ордуудыг түшиглэн байгуулагдах компаниудад Монголын талын оролцоог 51 хувиас багагүй байлгах эрх зүйн орчныг бий болгож, хэрэгжүүлнэ.” Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордууд дээр байгуулагдах компанийн 51-ээс доошгүй хувийг төр эзэмшдэг байна” гэж, МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл “Стратегийн ач холбогдолтой бусад ордуудын гэрээг дахин авч үзнэ. Төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордуудыг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад авна. Оюу Толгойн Монголын талын эзэмших хувь хэмжээг 51-ээс доошгүй хувийг эзэмшихээр гэрээг өөрчилнө” гэж амлаж байсан. Өнөөдөр өргөн барьсан төсөл нь үүнээсээ эсрэгээр байгааг бүлгийн гишүүд онцлон ярилцав.

Ашигт малтмалын тухай хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтөөр хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг торгох замаар аливаа асуудлыг шийдвэрлэх гэж байгааг шүүмжлэв. Учир нь уг хуулийн төслөөр одоогийн хуульд байгаа торгуулийн хэмжээг хамгийн багадаа 7-20 дахин нэмэгдүүлэхээр оруулж ирсэн юм.  Энэ бүхэн дээр үндэслэн асуудлыг нарийвчлан судалж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар тодорхой шаардлагыг МАН-ын бүлгээс Засгийн газарт өгөхөөр тогтсон тухай УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж