Хятадын гурван хотод зэвсэгт халдлага гарсан болон Тянь Ань Миний бослогын ой болох гэж буйтай холбогдуулан Бээжин хотын хамгаалалтыг чангатгажээ. “Синьхуа” агентлагт мэдээлснээр үймээн самуун болон халдлагаас сэргийлэх, таслан зогсоох үүднээс Бээжин хотын цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн автомашины тоог нэмэгдүүлсэн байна. Мөн Бээжингийн томоохон автозамын уулзварт цагдаагийн харуул гарч, гурван минут тутамд ойр орчмын гурван км дэх нөхцөл байдлыг төвд мэдээлж байх гэнэ. Үүгээр ч зогсохгүй шатахуун худалдан авагчдад тавих хяналтыг чангатгаж, худалдан авагчдын мэдээллийг цагдаад бүртгэдэг болсон аж.
Хятадын Юнань мужийн Куньмин, Шинжаан-Уйгарын Урумчи, Гуандун мужийн Гуанжоу хотуудад энэ тавдугаар сар гарсаар тэсрэх бөмбөг болон ирт мэсээр зэвсэглэсэн халдлага дараалан гарч олон хүн амь үрэгдэж, 200 орчим хүн гэмтэж бэртсэн юм. Мөн өнгөрсөн 2013 оны аравдугаар сард Бээжин хотын төв Тян Ань Миний талбайд автомашин нэвтэрч, дэлбэрснээс таван хүн амь үрэгдэж, 38 хүн гэмтэж бэртсэн хэрэг гарсан билээ. Хятадын эрх баригчид дээрх халдлагуудад Шинжаан-Уйгурын автономит нутагт оршин суудаг исламын шашинт уйгур үндэстнийг буруутгасан юм.
Хятадад 1989 онд өрнөсөн ардчилсан хувьсгалыг Бээжингийн эрх баригчид Тянь Ань Миний талбайд цус урсган хүчээр дарснаас хойш 25 жил өнгөрөөд буй юм.
Б.АНХТУЯА