
Ням гаригт террористуудын видео илгээлтийг зургаан жилийн турш бэлтгэж байсан “Аль-Каида”-гийн сурталчийг баривчилсан тухай мэдээлж байна. АНУ-ын иргэн байгаад лалын шашинд орсон 31 настай Адам Гадан Калифорнид амьдарч байгаад 1998 онд Пакистанд иржээ. Тэрээр 2004 онд террористуудын нэг лагерьт сургалтад хамрагдсан ба алан хядагч байгууллагын хэвлэлийн төлөөлөгч нарын нэг болжээ. Хамгийн сүүлд түүний видео бичлэг энэ сарын 7-нд цацагдсан ба тэрээр Америкийн лалынханд хандан террор хийхийг уриалжээ. Гаданыг 2006 онд эх орноосоо урвасан гэж ялласан нь сүүлийн хагас зууны хамгийн эхний ийм яллалт байв. Мөн Америкийн тусгай албанаас түүнийг барихад хэрэгтэй мэдээллийг өгвөл нэг сая доллараар шагнахаар амласан байлаа. Гэвч энэ мэдээлэл батлагдаагүй байна.