Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.05.12-нд нийтлэгдсэн

Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлэв

“Автобус-1” компанийн 60 жилийн ойд зориулсан Монгол Улсын гарьд цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, арслан Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, харцага Л.Пүрэвжав, Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, А.Бямбажав, Ж.Амартүвшин, Э.Оюунболд нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 224 хүчтэн зодоглов. Эдгээрээс Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Завхан” дэвжээ, “Хөтөлийн цемент шохой” компанийн бөх улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат “Таван хан” дэвжээ, “Ноёд”, “Мондэй” группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэлээ. Өнгөрсөн жилийн улсын баяр наадмаар түрүү булаалдсан аварга, гарьд хоёр наадмаас хойш анх удаа таарч барилдсан бөгөөд Завханы гарьд хайнаа хагалав. Харин Архангай аймгийн Булган сумын харьяат “Бөхбилэгт” дэвжээний бөх улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Р.Пүрэвдагва нар их шөвөгт үлдсэн юм. Зохион байгуулагчдын зүгээс Ховд аймгийн Чандмань сумын харьяат “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээ, “Нью прогресс” группийн бөх улсын начин Б.Пүрэвсайханд уран барилдааны шагнал гардуулсан бөгөөд мөн “Автобус-1” компаниар овоглож байсан, одоо овоглож байгаа бөхчүүддээ хүндэтгэл үзүүллээ.

“СПОРТЫН ШУУДАН”

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж