УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэсэн байна. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл, 2014 оны Төсвийн тодотголын төсөл болон бусад асуудлаар хуралдсан байна. Бүлгийн хуралдааны талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Я.Содбаатар нар мэдээлэл хийлээ.
“2014 оны Төсвийн тодотгол халтуурдсан тодотгол болсон” гэж МАН-ын бүлэг үзсэн байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт 2014 оны Төсвийн тодотголын төсөл болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайд Ч.Улаан ирэх зургадугаар сард төсөвт дахин сайжруулсан тодотгол хийнэ гэж хэлсэн. Тиймээс МАН-ын бүлэг дахин тодотгол хийх гэж байгаа бол энэ удаагийн тодотголыг хэлэлцэх шаардлагатай эсэхийг судлахаар болсон байна.
Тус бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл. 2012 оны УИХ-ын сонгуульд АН-ын дэвшүүлж байсан санал нь өнөөдрийн Ашигт малтмалын тухай хуультай зөрчилдөж байна гэж МАН-ын бүлгийн дарга хэллээ. Тухайлбал, Улсын төсвийн ордод хайгуул хийсэн ордын Монголын талын эзэмших хэмжээ 51 хувь, зарим ордуудыг ард түмний мэдэлд байлгана гэж байсан боловч эсрэгээрээ ажиллаж байна. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийг сайжруулсан хэрэг биш, одоогийн мөрдөгдөж байгаа хуулийг муу болгосон төсөл гэж МАН-ын бүлэг үзжээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт "УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөсөө эсрэг хууль оруулж ирж байна. Тиймээс сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө уучлалт гуйж, одоогийн хуулиа хэрэгжүүлэх ёстой. Ер нь бол хөрөнгө оруулагчид тогтвортой, тодорхой орчин хүсч байгаа. 34 хүртэл, 51 хувь хүртэлх гэдэг нь хэд ч байж болох, наймаалцахаар оруулж ирсэн нь хөрөнгө оруулагчдад таалагдахгүй байгаа учраас энэ асуудлыг тодорхой болгох ёстой" гэлээ.
Өнөөдөр Монголын нийгмийн 15 хувь нь баян, 35 хувь нь дундаж, үлдсэн нь дунджаас доогуур амьжиргаатай байна гэж МАН-ын бүлгийн дарга онцолсон. Тиймээс МАН цаашид алтан дунджийг бий болгох бодлого баримталж ажиллана гэлээ. 2014 оны Төсвийн тодотголын талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Өнөөдөр Монголд тулгамдаж байгаа асуудал бол эдийн засгийн хямралаас хурдан гарах гарц юм. Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг баталсан. Энэ тогтоолыг баталсны дараа хамгийн их хүлээж байсан зүйл бол бизнесийн орчинг сайжруулж, ард түмний амьдрал сайжруулна гэж бодож байсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд ярьж байсан эдийн засгийн хямралаас гарах арга хэмжээнүүдээс нэг нь ч Төсвийн тодотголд суугаагүй байна. Өнөөдөр бид нэг өдөр алдвал нэг улирлаар хойшлохоор байна. Тиймээс Засгийн газар эдийн засгийг эрчмжүүлэхээс гадна өөрсдөө бас идэвхжих хэрэгтэй байна. 2014 оны Төсвийн тодотголд эдийн засгийн хямралаас гарах гарцаа суулгахыг сануулсан. Жишээлбэл, төрийн данхайсан бүтэц орж ирсэнгүй. Уг нь данхайсан бүтэцдээ өөрчлөлт оруулах боломж байсан. Тиймээс Засгийн газрын өргөн барьсан алдаатай тодотголын төслөө эргүүлэн татахыг санал болгож байна" гэлээ.
Ш.ОЧ