Л.Энх-Амгалан: Тодотголын төслийг засгийн газар буцаах ёстой

Хуучирсан мэдээ: 2014.05.12-нд нийтлэгдсэн

Л.Энх-Амгалан: Тодотголын төслийг засгийн газар буцаах ёстой

Төсвийн тодотголын талаар УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН байр суурийг сонслоо.
 
-Засгийн газраас энэ оны төсөвт тодотгол хийх саналаа УИХ-д оруулж ирлээ. Өргөн барьсан төсөл нь УИХ-ын ажлын хэсгээс өгсөн чиглэлд нийцэж байна уу?

-УИХ-ын 30 дугаар тог­тоолоор Засгийн га­зарт тодорхой чиглэл өгсөн. Тэнд царцаасан болон 0 үнийн дүнтэй цаашид үргэлжлүүлэх шаардлагатай төслүүдээ 139 тэрбум төгрөгт таа­­руулж хөрөнгө оруу­лалтын жагсаалт хэл­бэрээр оруулж ирэх байсан. Хоёрт, төсвийн урсгал зардлыг 15-30 хувиар хэмнэж оруулж ир гэсэн ийм чиглэл өгсөн юм. Гэвч Засгийн газрын өргөн барьсан төсвийн тодотгол нь УИХ-ын өгсөн чиг үүргийн дагуу хийгдээгүй байна. Мөн төсвийн орлого маш их эрсдэлтэй байгаа. Эхний улирлын байдлаар л гэхэд 300 тэрбумаас дээш төгрөгөөр орлого тасарсан. Өнгөрсөн жи­лийн төсөв 1.5 их наяд төгрөгөөр тасарсан шүү дээ. Тэгэхээр үндсэндээ эдийн засагт үүсчихсэн байгаа хямралыг давж гарахын тулд төсвийн бодлогоо өөрчлөх ёстой. Ингэхдээ төсвийн урсгал зардлыг бууруулж, хэм­нэлтийн горимд шилжих ёстой.

-Хэмнэлт хийх сана­лаа оруулсан юм биш үү?

-Төрийн байгуул­лагуу­дын бүтэц, чиг үүргийн давхардлыг арилгаж, тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр төсвийн тодотголыг хийх ёстой байсан. Гэтэл төсвийн тодотгол дээр УИХ-аас өгсөн энэ чиг үүргүүд хийгдэж чадаагүй бай­на. Хамгийн гол нь ам.долларын ханшийг да­хиад л 1384 төгрөгөөр нь оруулж ирлээ. Гэтэл УИХ-аас мөнгөний бодлогыг баталж өгөхдөө Ерөнхий сайдад тодорхой үүрэг өгсөн юм. Улсын төсөвт ашиглах төгрөгийн га­даад валюттай харилцах ханшийг тогтсон аргач­лал, эх сурвалжид үндэс­лэн тооцож байх ёстой гэж. Энэ аргачлалаа УИХ-д оруулж батлуулах хэрэгтэй юм. Энэ ажил нь төсвийн тодотголтой хамт хийгдэх ёстой. Гэтэл өнөөдөр тодотголтой хамт оруулж ирсэнгүй.

-Ер нь ам.долларын ханшийг хуучнаар оруулж ирсэн нь ямар учир­тай юм бол…?

-Ам.долларын хан­шийг 1384 төгрөгөөр тооцох нь төсвийн ор­лого талдаа ашигтай. Гэвч нөгөө тал­даа УИХ-аас баталсан нэг их наяд төгрөгийн төс­вийн хөрөнгө оруу­лалт хийгдэхгүй байх эрсдэл үүсч байгаа юм. Юу гэхээр, төрийн бараа үйлчилгээг хийх аж ахуйн нэгжүүдээс хэн нь ч ам.долларыг 1384 төгрөгөөр тооцож тендерт орж ирэхгүй. Хэн, ямар хүн ам.долларын ханшийг 1384 төгрөгөөр тооцож тендерт орох вэ. Тийм учраас дахиад л өнгөрсөн жил давтагдах нь.

-Юу гэсэн үг үү?

-2013 онд нийт хийх ёстой хөрөнгө оруу­лалтын 40 хувь нь л хийгдсэн ш дээ. Энэ эрсдэл дахиад 2014 онд давтагдах нь. Тиймээс төсвийн тодотголыг Зас­гийн газарт нь буцаах саналтай байгаа. Буцаах­даа бас Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолтой холбогдуулан төсвийн урсгал зардлыг 20 хувиар буулгаад хэмнэлтийн горимд шилжүүлэх ёстой юм. Мөн түрүүнд хэлсэн ам.долларын ханшийг төсөвт тусгахдаа тооцох аргачлалаа бодолцож хийх ёстой. Энийгээ хийх ёстой. Гуравт, төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийн давхардлыг арилгаж, тогтолцоог боловс­ронгуй болгох юмаа хийх ёстой. Энэ гурав бол төсөвт тодотгол хийх ёстой зайлшгүй зарчим юм.

-Сангийн сайд Ч.Улаан болохоор тав­хан хоногт багтааж бо­ловсруулсан төсөл. Тийм учраас бүтэц, орон тоотой холбоотой өөрчлөлт хийх боломж­гүй байлаа гэж байсан. Гэвч 40 тэр­бумаар төсвөө хэмнэх саналаа оруулж байгаа юм биш үү?

-Тэр бол тодорхой зард­лаа танаж хийсэн хэмнэлт гэж хэлж байна лээ. Гэхдээ энэ бол бид­ний тооцсоноос бага хэмнэлт. 40 тэрбумаас ч ихээр хэмнэлт хийх бүрэн боломжтой.
Өнөөд­рийн Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолоор төвсийн урсгал зардлыг нийтэд нь 20 хувиар бууруул гэж байгаа шүү дээ. Ингэх юм бол 40 тэрбум биш, 400-600 тэрбумаар төсвийн зардлыг хэмнэх бололцоо байгаа юм.

-Энэ удаагийн тодотголыг зохицуулалтын тодотгол гээд байгаа. Тэгэхээр дахиад тодотгол орж ирэх юм биш үү?

-Сангийн сайд дахиад төсвийн тодотгол оруулна, тэгэхдээ төгс төгөлдөр юм оруулж ирнэ гэсэн. Уг нь Монгол Улсын төсвийг нэг л баталж байх ёстой. Шаардлага гарвал нэг л удаа тодотгол хийх нь оновчтой. Түүнээс жилд нэг төсвийг гурван удаа тодотгож, гурван янзаар баталж болохгүй шүү дээ. Буруу жишиг л тогтоох нь. Тооцооллоо зөв хийхгүй байна. Төсвийн орлогоо буруу тооцож байна л гэж хэлэх байна. Яг одоо урсгал зардлаа тодорхой тооцож чадахгүй байна. Эдийн засагт үүссэн нөхцөл байдлаа зөв үнэлж чадахгүй байгаа нь энэ бүхний шалтгаан. Ам.долларын ханшаа буруу бодсон, орлогоо буруу тооцсон, сууриа буруу авснаас үүдэж байна. Ер нь бол өнгөрсөн жил төсөв дээр үүссэн хүндрэлүүд, эрсдэлүүд 2014 төсөв дээр дахиад үүсч байна.

 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж