АНУ-ын түүхэнд арилгаж болшгүй хар толбо үлдээсэн есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш арав гаруй жил өнгөрчээ. Дэлхий дахиныг цочроож, олон мянган хүний аминд хүрсэн уг хэргийг үйлдэгчид Холливудын киноноос санаа авсан байж болзошгүй гэсэн шуугиан тухайн үедээ нийгмийг донсолгож байлаа. Гунигтай ч гэсэн дээрх таамаглалыг олон хүн үгүйсгэж чадаагүй юм. Учир нь онгоц барьцаалж, амиа золиослогчдын гэрээс Холливудын бүтээлийн олон арван хуулбар, диск гарч ирсэн гэдэг.
Олон кино бодит амьдралаас сэдэвлэгддэг. Харин зарим нь эсрэгээрээ гэмт хэрэг өдүүлэх өдөөлт, сэдэлт болдог гэмтэй. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байгаа мэдээллийг уншихад гэмт хэрэг, хүчирхийллийн үйлдэл нь улам, харгис хэрцгий шинжтэй болж байна. Даяаршлагдаж буй дэлхий дахины хөгжил, техник, технологийн хувьсалтай хөл нийлүүлэхийн хэрээр Монголын нийгэмд гаднаа гяланцаг, дотроо паланцаг хүний оронцогуудын тоо өсөх хандлагатай болжээ. Хэзээ байтлаа Монголд аав нь нялх үрээ хазаж тарчлаадаг, заазуурдаж шийтгэдэг байлаа.
Дээд боловсролын диплом өвөртөлсөн, хуульч мэргэжилтэй залуу эхнэрийнхээ хоолойг хэрчсэн, хорь ч хүрээгүй залуу хүн алж, хүүхэд барьцаалсан гээд дотор зарсхийм муухай мэдээг сонин хэвлэлд тавигдахын хэрээр монгол хүний нинжин сэтгэл, хүн чанар устаж үгүй болсныг гэрчлэх мэт. Өнгөрсөн амралтын өдрүүдэд бас нэгэн онц ноцтой хэрэг гарсан нь Монголын нийгэм ухамсрын доройтолд орж, асар их ядуурсныг харуулж байна. Хорь орчим насны хоёр бүсгүйн амийг зэрлэгээр хөнөөчихөөд зугатсан тэр залуу араатнаас дээрдэх юм алга. Араатан ч бараг түүний дэргэд нинжин "сэтгэл"-тэй байх шүү. Огт танихгүй залууг дагаад явдаг монгол бүсгүйн ичимхий, даруу зан хаачив. Энэ мэт цус, нулимс болсон гэмт хэргийн тухай мэдээллийн унших бүрд монголчууд эдийн засгийн ядууралд гэхээсээ оюун санааны доройтолд оржээ гэмээр.
Гаднаас нь харахад монголчууд шиг ганган хээнцэр, тансаг хэрэглээтэй хүмүүс алга. Өрнө, дорнын үнэтэй машин унаж, хамгийн сүүлийн үеийн гар утас барьж, дэлхийн том брэндүүдийн хувцсаар гоёж, тансаг үнэртэй ус цацсан хээнцэр монголчуудын ухамсар хэрэглээтэйгээ харьцуулахад дэндүү хямдхан. Мэдээж, энэ бүхэнд нийгмийн өөрчлөлт, сэтгэхүйн хямрал, амьдралын ачаалал, стресс бухимдал, хэт задгай “эрх чөлөө” гээд бүгд нөлөөлж буй нь ойлгомжтой. Тийм ч учраас нийгэмд томорсоор байгаа тархины ядуурлыг эмчлэхгүйгээр хүчирхийлэл, яргалал, гэмт хэрэг буурахгүй тодорхой. Аливаа зүйлийн дараа гарах үр дүн гэдэг боловсролоос биш хэн хүний сэтгэл санаа, тархины хэмжээ, хүн чанар, сэтгэл зүрхээс шалтгаалдаг хэрэг.
Монголын нийгэм дэлхийн ертөнцийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгаагийнхаа хэрээр импортолж авсан “хор хөнөөл” нь илүү хурцадмал байдалтай болжээ. Интернетээр өдөржин тэнэж, РC, фейсбүүкт хамаг цаг заваа зарцуулж байгаа залуу үеийнхнээ эмчлэх, “эдгээх” асуудлаар төр бодлогын чанартай томоохон төслийг, кампанит ажлыг явуулахгүйгээр тансаг хэрэглээтэй ч тархины багтаамж нь жижигхэн нөхдүүд улам л нэмэгдсээр байх нь гарцаагүй.
Монголын улстөрчид сүүлийн үед бүгдээрээ эдийн засагчид болсон. Улстөрчид гэлтгүй олон нийт ч эдийн засгийн хямралын талаар муухан эдийн засагчаас илүү сайн ярьдаг болж. Гэхдээ эдийн засгийн хямралаас нийгэмд газар авсаар байгаа хүчирхийлэл, аллага таллага, цус нулимс илүү аюултай байдалд хүргэж болзошгүй нөхцөл хэдийнэ бий болж. Хэвлэл мэдээллээр гарч байгаа гэмт хэргийн тухай мэдээлэл нь худалч хүнд бараг л детектив зохиол шиг болчихсон. Ингэж “а, б”-гүй мэдээлэх нь зөв ч юм уу, буруу юм уу, бүү мэд. Бусдад ямар нэгэн сэдэл өгөхгүй гэж хэлж чадах уу. Нийслэлийн кино театруудаар гарч байгаа кинонуудад ч гэсэн учир дутагдал бий. Ихэнх нь хүчирхийллийг харуулсан, тэдгээр аллага, таллагыг яуруу тодоор харуулсан бүтээлүүд зарим нэгэн тархины “сульдаатай” нөхдүүдэд сайхан “хичээл” болж байгааг хэн мэдлээ.
Сайн иргэн, сайн хүн, сайн эцэг, эх болгохын тулд иргэдээ соён гэгээрүүлье. Эдийн засгийн хямралаас илүү нийгмийн хувьд энэ асуудал том аюул дагуулж болзошгүй байна. Даяаршиж буй дэлхий дахины сайхан, муухай бүхнийг Монгол Улс хамтад нь “импортлох” ёсгүй шүү дээ.
Ж.ЭРХЭС