Тэрбумтнуудын хот Лондон

Хуучирсан мэдээ: 2014.05.12-нд нийтлэгдсэн

Английн нийслэл Лондон хот тэрбумтан оршин суугчдынхаа тоогоор дэлхийд тэргүүлж, супер баян нийслэлээр тодорчээ. Лондон хотноо өдгөө 104 тэрбумтан байнга болон түр оршин суудаг гэнэ. Энэ нь Лондоны 607692 оршин суугч бүрт нэг тэрбумтан байна гэсэн үг аж. Оршин суугаа тэрбумтнуудынхаа тоогоор Москва хот дэд байранд, Нью-Йорк, Сан-Франциско, Лос-Анжелес, Хонгконг удаалжээ.


Үүний зэрэгцээ Лондонгийн тэрбумтнуудын дунд гадаадын толгой баячууд, олигархи, магнатууд олон байдаг гэнэ. Тухайлбал, Их Британийн тэрбумтнуудын жагсаалтыг Энэтхэгт төрсөн ах дүү Шричанд, Гопичанд Хиндужа 11.9 тэрбум фунт-стерлингийн хөрөнгөөр тэрүүлсэн байна. Мөн Их Британийн баячуудын дунд “Chelsea” хөлбөмбөгийн клубын эзэн, Оросын бизнесмен Роман Абрамович,  “Arsenal” хөлбөмбөгийн клубын хувьцаа эзэмшигч, Узбек гаралтай Оросын бизнесмен Алишер Усмонов, Английн мэргэжлийн хөлбөмбөгийн “Queens Park Rangers” клубын хувьцаа эзэмшигч, Энэтхэгийн гангийн магнат Лакшми Миттал нар нэрлэгджээ. Учир нь Их Британи нь түр оршин суугч гадаадын хөрөнгөтнүүдээс зөвхөн тус улс дахь хөрөнгөөс татвар авдаг аж. Франц улс баячуудаас 75 хувийн татвар авах хууль баталснаас “Gucci” загварын брэндийн тэргүүн Франсуа Анри-Пино жүжигчин эхнэр Сальма Хайекийн хамт Лондон руу нүүсэн жишээтэй.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж