"Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг өнөөдөр хуралдсан бүлгийн хуралдааны мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт бүлгээсээ гарч байгаатай холбогдуулан байнгын хорооны даргын асуудлыг яаж шийдвэрлэх вэ?
-Одоогоор энэ талаар яригдсан зүйл алга. Эвслийн бүлэг АН-тай хамтран Засгийн газар байгуулахдаа хэн нь аль байнгын хороог удирдах талаар гэрээ хийж, тохирсон. Тэр дагуу Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо эвслийн бүлгийн квотод байдаг. Одоогоор Д.Батцогт гишүүнийг байнгын хорооны даргаас чөлөөлөх асуудал бүлгийн зүгээс, гишүүдийн зүгээс ч ирээгүй байгаа. Д.Батцогт гишүүн өөрөө санаачилгаараа байнгын хорооны даргын суудлаа өгвөл бид татгалзахгүй.
-Х.Баттулга сайдын асуудал дээр “Шударга ёс” эвслийн бүлэг байр сууриа нэгтгэсэн үү?
-Бид энэ асуудлаар хуралдаагүй. Шаардлагатай гэж үзвэл хуралдана. Засгийн газрын гишүүн өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөс илүү мэдээлэлгүй байна. Байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхдээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажил, гаргасан ололт, алдаа оноог ярилцах байх. Мэдээж гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл гаргасан учраас чөлөөлөөд явж таарах байх. Хүсэлт гаргасан албан тушаалтан бүрийг чөлөөлөхөөс илүү ажлын хариуцлагатай нь холбоотой асуудлыг хэлэлцэж байх нь зүйтэй. Ялангуяа Засгийн газрын гишүүний хувьд ажлын хариуцлагыг яриад чөлөөлөд явах ёстой гэж бодож байна.
-Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн асуудлаар хаалттай хуралдаж, гишүүд мэдээлэл авсан. Эвслийн бүлгийн байр суурь өөрчлөгдсөн үү?
-Өөрчлөгдөөгүй. Х.Тэмүүжин сайдыг огцруулахгүй гэсэн байр суурьтай байгаа.
-Эв нэгдлийн Засгийн газар байгуулах талаар яриа гарсан. Эвслийн бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Нэг гишүүний байр суурийг бүлгийн хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй.
Ш.ОЧ