Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2014 оны тавдугаар сарын 10-ны бямба гаригт болж, 30 гаруй асуудлыг хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Төсвийн зардал хэмнэх зарим арга хэмжээг авна
Эдийн засгийн гадаад, дотоод орчинд үүсч буй хүндрэлийн улмаас Монгол Улсын 2014 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл оны эхнээс тасалдаж, улмаар жилийн төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд хүндрэл учирч болзошгүй байна. Нийт урсгал зардлын өсөлтийн 50.2 хувь нь цалин, тэтгэвэр, тэтгэмжийн өсөлтөөс, 10.9 хувь нь нийгмийн халамжийн зардлын өсөлт, 11.7 хувь нь төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан барилга байгууламж, мөн хууль тогтоомж батлагдсанаар үүссэн бүтэц, орон тооны өөрчлөлтөөс, 8.6 хувийг зээлийн үйлчилгээний төлбөр, 8.4 хувь нь хэрэглээний үнийн өсөлтөөс хамаарсан бараа, үйлчилгээний зардлын өсөлт тус тус нөлөөлжээ. Төсөв санхүүгийн энэ хүндрэлтэй байдал нь Засгийн газарт үйл ажиллагаагаа илүү үр ашигтай, хэмнэлттэй зохион байгуулах, төрийн чиг үүрэг давхардалгүй, үр ашигтайгаар хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалтаа оновчтой болгох, төрийн үйлчилгээг иргэдэд ойлгомжтой стандартаар, шуурхай, тэгш хүртээх, нийгмийн хамгааллын оновчтой зөв бодлого явуулах замаар төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлах, хэмнэх, бууруулах шаардлагыг бий болгож байна.
Тиймээс төсвийн зарцуулалтыг хэмнэх арга хэмжээг үүссэн нөхцөл байдалтай уялдуулан төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах замаар зардлыг бууруулах, 2014 оны төсвийн хэрэгжилтийг он дуустал хугацаанд төсвийн орлогын гүйцэтгэлтэй уялдуулан зардлыг үе шаттай санхүүжүүлэх, үр дүнтэй зохион байгуулах, улмаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн талаар баримтлах чиглэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэ тогтоолоор 2014 оны төсвийн хэрэгжилтийг зохион байгуулахдаа тэвчиж болох зардлыг бууруулж, төсөв хэмнэх, үр ашигтай байдлаар өөрчлөн зохион байгуулах тухай удирдамжийг бүх шатны төсвийн захирагч нарт үүрэг болгож, тодорхой чиглэлээр бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн хөтөлбөр хэрэгжүүлснээр 2015 оноос эхлэн төсөвт үр нөлөөгөө үзүүлэх арга хэмжээнүүдийг эрх зүйн хүрээнд судалж санал боловсруулахыг холбогдох байгууллагад даалгаж байна.
Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
УИХ-аас 2009 онд жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль баталсан. Хуульд заасны дагуу батлагдсан Засгийн газрын 2009 оны 316, 2011 оны 100 дугаар тогтоолын дагуу жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий 33 чиглэлийн 789 төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлж ирсэн. Ингэж жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид техник технологийн шинэчлэл хийж, бүтээгдэхүүнийхээ чанар, стандартыг сайжруулах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд бодлогын хувьд дэмжсэн нь энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд төрөөс үзүүлсэн бодит дэмжлэг болсон юм. Жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож буй тоног, төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дахин сэргээж, үйлчлэх хугацааг сунган, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгох нь зүйтэй гэж үзэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд дэвшил гарч, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанар, тоо хэмжээ нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэлд өсөлт гарах ач холбогдолтой. Түүнчлэн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл боломжийг бүрдүүлж, гадагшаа урсах валютын урсгалыг багасгах юм.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулинд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ
Гаалийн тарифын, гаалийн татварын тухай хуулинд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын гишүүдийн саналыг тусган хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж тогтлоо.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заагдсан бүтээн байгуулалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд олон нэр төрлийн тоног төхөөрөмж шаардагдахаас гадна тэдгээрийг дотоодын үйлдвэрийн компаниудаас хангахад хугацаа алдах, зарим нэр төрлийн тоног төхөөрөмжийг дотоодоос нийлүүлэх боломжгүй зэрэг шалтгааны улмаас хэмжилт, тохируулга, угсралтын болон суурилуулах тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэх шаардлагатай байна. Томоохон төсөл хөтөлбөрүүдийн бүтээн байгуулалт хийх тодорхой хугацаанд импортын гаалийн болон НӨАТ-аас аж ахуйн нэгжийг түр чөлөөлөх буюу татвар төлөх хугацааг 2 жил хүртэлх хугацаагаар хойшлуулах нөхцлийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж, хуулийн төсөлд тусгажээ.
Хуульд дээрх нэмэлт оруулснаар аливаа бүтээн байгуулалт, барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд, хуваарийн дагуу хүлээлгэн өгөх, техник тоног төхөөрөмжөөс хамаарсан саатал доголдол гарахаас сэргийлэх, мөн бүтээн байгуулалтын хугацаанд гарах зардлыг 15.5 хувийг хэмнэх боломжтой байна.
Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын талаар зарим арга хэмжээ авна
Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын биеэ даасан байдлыг бэхжүүлж, аж ахуйн тогтолцоотой ажиллуулан, улсын төсвийн ачааллыг багасгах, Засгийн газрын нийтлэг үйлчилгээний талаар ЗГХЭГ-аас тавьсан зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай болсон тул Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, баталлаа.
Тогтоолоор Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрыг зохих бэлтгэл хангасны үндсэн дээр 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулж ажиллуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт даалгав. Байгууллага өөрийн орлого олох, олсон орлогоо зарцуулах зохицуулалт бий болгохоор шийдвэрлэж байгаа учраас одоогоор тус газрын харъяанд аж ахуйн бүрэн тооцоотой ажиллаж байгаа Амралт үйлчилгээний цогцолбор /Ордны зоогийн газар/, Хэвлэх үйлдвэрийг Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын үндсэн бүтцийн нэгж байхаар, харин төсөвт байгууллага болох Засгийн газрын байруудын нэгдсэн захиргааг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулж, ЗГХЭГ-ын шууд харъяанд ажиллуулахаар шийдвэрлэжээ.
“Засгийн газрын автобааз” улсын төсөвт үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа
Засгийн газрын автобааз нь 1935 онд Төр, засгийн үйлчилгээнд зориулан байгуулагдаж, 79 дэх жилдээ үндсэн үүргээ биелүүлэн ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд тус автобаазын нийт зардлын 55 орчим хувийг ажиллагсдын цалин түүнтэй холбогдох зардал эзэлж, түүнийг улсын төсвөөс, автомашины сэлбэг, шатахуун, халаалт, дулаан зэрэг цалингаас бусад бүх зардлыг өөрийн орлогоороо санхүүжүүлж байна. Одоогоор мөрдөж байгаа тээврийн үйлчилгээний үнэ тариф нь орлогын хязгаарлагдмал байдалд хүргэж, тээврийн шууд зардлаа нөхөх боломжгүйд хүргэж байгаа учраас тарифыг зах зээлийн тухайн үеийн жишигт нийцүүлж тогтоож байхаар шийдвэрлэж, Засгийн газрын тогтоол баталлаа.
Мөн “Засгийн газрын автобааз” улсын төсөвт үйлдвэрийн газрыг зохих бэлтгэл хангасны үндсэн дээр 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн улсын төсвөөс олгодог зардлыг 3 жилийн хугацаанд жил дараалан буруулах замаар аж ахуйн тогтолцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт даалгалаа. Төр, засгийн байгууллагууд тээврийн үйлчилгээний зардлыг төсөвтөө тусгаж, байгууллагуудын захиалгаар Засгийн газрын автобааз тээврийн үйлчилгээ үзүүлж байхаар тогтсон байна.
“Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа
Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолын хавсралтаар “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ыг баталж, 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн орон сууц худалдан авч байгаа иргэдэд арилжааны банкуудаар ипотекийн зээлийг олгож эхэлснээс хойш 11 сар өнгөрч байна. 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны зээл авсан зээлдэгчдээс 847.2 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 18212 зээлдэгчийн нийт 520.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй зээлрүү шилжүүлжээ. Мөн орон сууц худалдан авахыг хүссэн иргэдээс 1.0 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 18693 иргэнд орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр нийт 36905 иргэн жилийн 8 (+/-1)% хүүтэй зээлд хамрагдаж, орон сууцны нөхцлөө сайжруулжээ.
Орон нутгийн иргэдийг энэхүү хөтөлбөрт өргөнөөр хамруулснаар тэдний орон сууцны нөхцөл сайжирч, Улаанбаатар хот руу шилжин ирэгсдийн хөдөлгөөнийг сааруулах чухал ач холбогдолтой. Тиймээс орон нутагт барьсан, инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон амины орон сууцыг энэ хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн аймаг, сумдад ипотекийн зээлийн хүүг жилийн 7% байхаар “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д нэмэлт орууллаа.
“Гудамж” төслийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 500 сая ам.долларын экспортын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, тодотгол оруулсан. Тогтоолын дагуу дэд бүтцийн салбарт санхүүжилт хийгдэх 235 сая ам.долларын хөрөнгөнөөс 193 сая ам.долларыг “Гудамж” төслийн “Туул голын хурдны зам төсөл”, “Яармагийн гүүр барих төсөл”-д зарцуулахаар шийдвэрлэжээ.
БНХАУ-ын Засгийн газраас олгох 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээс 193 сая ам.долларыг “Гудамж” төслийн Туул голын хурдны зам төсөл”, “Яармагийн гүүр барих төсөл”-д зарцуулж, төслийн гэрээг Хятадын талтай байгуулж хэрэгжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа. Мөн төсөл тус бүрээр байгуулах тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг Хятадын талтай хэлэлцэн тохиролцож, Засгийн газарт танилцуулахыг, төслүүдийн санхүүжилт дутсан тохиолдолд Хятадын талтай хэлэлцэж, нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг тус тус даалгасан байна.
“Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийн концессын гэрээг байгуулна
Засгийн газрын 2010 оны 198 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д орсон “Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг 2011 оны 3 дугаар сард зарласан бөгөөд 8 компани оролцох хүсэлтээ ирүүлж, уралдаант шалгаруулалтад “Монголын авто замын компаниудын нэгдэл” консериум – Эм Си Си Си ХХК-ийн түншлэл шалгаран гэрээний хэлэлцээ хийх эрхтэй болсон юм. Концессын тухай хуулийн дагуу “Монголын авто замын компаниудын нэгдэл” консериум – Эм Си Си Си ХХК-ийн түншлэл /шинээр байгуулсан төслийн компанийн нэр “Нако” ХХК/-тэй “Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийн концессын гэрээний хэлэлцээ хийж, гэрээний төслийг эцэслэн боловсруулжээ.
Концессын гэрээг “Нако” ХХК-тай байгуулахыг Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрч, концессыг хэрэгжүүлэхэд шаардлагатай авто замын трасс, нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, зураг төслийг батлах, авто замын барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгохыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт даалгалаа.
“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журмыг баталлаа
УИХ-аас “Чөлөөт бүсийн тухай” хууль болон “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийг тус тус батласан. Хууль батлагдсанаас хойш 10 гаруй жилийн хугацаанд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийг байгуулах зорилгоор бүсийн Захирагчийн албаны бүтэц, орон тоог Засгийн газрын хуралдаанаар баталж, улсын төсвөөс 23 тэрбум төгрөг зарцуулж, дэд бүтцийн ажлууд хийгдсэн. Одоогийн байдлаар бүсийн харуул, хамгаалалтын байгууламж, түр цахилгаан хангамж, бүсийн доторх цэвэр, бохир усны шугам хоолой, усан сан, цэвэр усны эх үүсвэрийн шугам хоолой, үерийн хамгаалалтын барилга угсралт, шалган нэвтрүүлэх байр, гааль, худалдааны зам, талбай зэрэг ажлууд бүрэн хийгдсэн байна. Цаашид “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын ашгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулагч компаниудын үйл ажиллагааг эхлүүлэх, худалдааны урсгалыг бий болгох ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Энэ ажлын хүрээнд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журмыг баталлаа.
Түр журамд чөлөөт бүсэд гадаадын иргэдийг визгүй нэвтрүүлэх, бараа, тээврийн хэрэгслийг гаалийн татваргүй, чөлөөтэй оруулах, аж ахуйн нэгж байгууллагыг бүртгэлийн хураамжгүйгээр бүртгэх болон хил, хяналтын байгууллагуудын эрх, үүргийг тодорхой тусгажээ. Мөн иргэний бараа солилцоо, худалдааг дэмжихээр зорчигчийн хувийн хэрэглээний хүнсний болон гэр ахуйн цахилгаан барааны квотыг тогтоож, квотод ороогүй бараа бүтээгдэхүүнээс 3 сая хүртэлх үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүнийг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт татваргүйгээр оруулах туршилтын зохицуулалтыг оруулсан байна.
Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол Улсын үндэсний болон дипломат ёслол, нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэх зэрэг ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарыг ёслолын арга хэмжээнд оролцуулах, гадаадын зочид төлөөлөгчидтэй уулзуулах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг Төрийн ёслолын журмаар зохицуулдаг. Төрийн ёслолын ажиллагаа нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал болон нийт өргөн олныг хамарсан, Монголын ард түмний уламжлал, ёс заншил, үндэсний онцлогийг харуулсан бахархал, хүндэтгэлийн арга хэмжээ учир цаашид Төрийн ёслолын журмыг төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч баталж байх нь зүйтэй гэж үзэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Хууль батлагдсанаар Төрийн ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлах эрх зүйн орчин бүрдэх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй урьдчилан зөвшилцжээ. Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуультай нийцэж байгаа төдийгүй бусад хуультай уялдуулах зорилгоор Дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.
Зүүн Азийн Залуучуудын анхдугаар наадмыг зохион байгуулах эрх авахад нэр дэвшинэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 онд Зүүн Азийн наадам, 2024 онд Ази тивийн аварга, 2040 оны Олимпийн наадмыг Монгол Улсад зохион байгуулах санаачлагыг гаргасан. Зүүн Азийн Наадмын Холбооноос бүс нутгийн орнуудын дундах “Зүүн Азийн спорт наадам”-ыг 1993 оноос хойш 6 удаа зохион байгуулсан бөгөөд 2019 оноос “Зүүн Азийн залуучуудын спортын наадам”-ыг зохион байгуулахаар шийдвэрлэн, бүс нутгийн 8 оролцогч оронд наадам хүлээн авах хүсэлтээ тавих саналыг ирүүлжээ.
Энэ наадам нь манай тамирчдын хувьд Ази тивийн спортоор тэргүүлэгч орнуудын тамирчидтай өрсөлдөн ур чадвараа ахиулах, арга туршлагаас суралцах, шинэ залуу тамирчдыг нээн илрүүлэхэд чухал ач холбогдолтой наадам болох юм. Тиймээс спортын салбарын хөгжил, улсын нийслэлийн хөгжлийн ирээдүй, бүтээн байгуулалтад чухал дэвшил авчрах, өөрсдийн бодит боломжид тохирсон спортын наадмыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэн, Зүүн Азийн Залуучуудын анхдугаар наадмыг зохион байгуулах эрх авахад Улаанбаатар хотыг нэр дэвшин өрсөлдөхийг дэмжиж, бэлтгэл ажлыг хангахад удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгууллаа.
Тус наадмыг зохион байгуулснаар Улаанбаатар хотод спортын чиглэлээр хийх хөрөнгө оруулалт нэмэгдэж, материаллаг бааз сайжирч, иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх таатай орчин бүрдүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болох юм. Зүүн Азийн Залуучуудын наадамд зүүн Азийн бүсийн Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Монгол, БНХАУ-ын Макао, БНХАУ-ын Хонг-Конг, БНХАУ-ын Тайван, Гуам /урилгаар/ зэрэг 9 орон оролцдог. Наадмын хөтөлбөрт олимпийн наадмын хөтөлбөрт багтдаггүй 12 төрөл албан ёсоор ордог ба зохион байгуулагч орон 3 хүртэлх төрлийг сонгон оролцуулах боломжтой байдаг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.