УИХ-ын дарга З.Энхболд мод тарив

Хуучирсан мэдээ: 2014.05.10-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга З.Энхболд мод тарив

Мод тарих үндэсний өдөр тохиож байна. Энэ хүрээнд УИХ-ын дарга З.Энхболд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар болон бусад албаны хүмүүстэй Төв аймгийн Эрдэнэ сумын нэгдүгээр баг Элстэй гэдэг газар 100 га-д мод тарив. Мөн УИХ-ын даргатай хамт мод тарих үйл ажиллагаанд “Эко Ази” сургуулийн 20 гаруй оюутан, ШУТИС-ийн 140 гаруй оюутнууд мод тарих арга хэмжээн оролцлоо.

УИХ-ын дарга З.Энхболд мод тарих үндэсний өдрөөр хэлсэн үгэндээ “2010 оноос Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бүх нийтээр мод тарих үндэсний өдөртэй болсноос хойш иргэд, байгууллагууд мод тарих ажлыг жил бүр идэвхтэй өрнүүлж байгаа ч ойжуулах ажлын үр дүн нүдэнд харагдахуйц хэмжээнд хүрч чадаагүй хэвээр байна. Мод тарих, арчлан ургуулах талаарх арга туршлага, менежментийн чадавхи сул байгаа нь үүний нэг шалтгаан болж байна. Мод тарих ажлыг тасралтгүй явуулж байгаа Сэрдарам багштай “Миний клуб” нэртэй оюутан залуучуудын онлайн клубт талархал илэрхийлье. Оюутнууд ийнхүү байгаль дэлхийгээ хамгаалахын төлөөх сайн дурын хөдөлгөөнд нэгдэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь тэдний хүмүүжил, төлөвшилд онцгой чухал ач холбогдолтой юм. Бүх шатны сургуулийн сурагч, оюутнууд байгаль эхээ хайрлах, мод тарих хөдөлгөөнд идэвхтэй хамрагдан бодитой хувь нэмэр оруулдаг болох нь зүйтэй. Мод тарих, ойжуулах ажлыг инноваци болгон хөгжүүлэх хэрэгтэй бөгөөд төрөөс дэмжин бүх нийтийн үйлс болгон түгээн дэлгэрүүлэхийг онцгойлон анхаарч эдийн засгийн механизмуудыг боловсруулан хэрэгжүүлэх талаар идэвхтэй ажиллах шаардлага байна”   гэлээ.

Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж