Төсвийн тодотголыг Байнгын хороонд шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.05.09-нд нийтлэгдсэн

Төсвийн тодотголыг Байнгын хороонд шилжүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдэх хэлэлцүүлгийг хийж, дуусган дараагийн шатны хэлэлцүүлгийг хийлгэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийсэн ч гишүүдээр санал хураалгасангүй, шууд байнгын хороонд шилжүүлсэн юм. Энэ асуудалд УИХ-ын дарга З.Энхболд “Хуульд заасны дагуу төслийг санал хураалгахгүйгээр шууд байнгын хороонд шилжүүлнэ” гэсэн юм. 

Гэхдээ 2014 оны төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “2014 оны төсвийн тодотголыг буцаах шаардлагатай.  Халтуурдсан төсвийн төсөл оруулж ирж УИХ-ыг доромжилж байна” гэж шүүмжилсэн юм. Харин УИХ-ын дарга З.Энхболд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар “Төсвийн тодотголыг буцаах боломжгүй. Хуулиараа ч буцаах аргагүй. Тэгээд ч 140 обьектын хөрөнгө оруулалтыг одоо шийдэж өгөхгүй бол цаг хугацаа хүлээхгүй” гэсэн юм.

Онцлоход, Засгийн газар сарын дараа дахин Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж парламентаар хэлэлцүүлэх аж. Энэ тухай УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр тодотголоо. Тэрээр “Жинхэнэ төсөв орж ирэхээр валютын ханшийг өнөөгийн байдалтай нь илүү ойртуулж оруулж ирнэ” гэсэн юм.

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан өндөрлөөд байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж