Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиож буй Бичиг соёлын олон улсын үзэсгэлэн өнөөдөр Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн тахимд боллоо. Тус нээлтийн үеэр ССАЖЯ-ны сайд Ц. Оюунгэрэл болон Ерөнхийлөгчийн тамгийн газрын П.Цагаан нар болон гурван улсын төлөөлөл болсон уран бүтээлчид оролцсон юм.
Уг үзэсгэлэнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны есөн уран бичээч болон ОХУ-ын Буриадаас зургаан оролцогч, манай орноос 30 гаруй уран бичээч оролцож байгаа юм. Үзэсгэлэнг хойшид жил бүр зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гадаадын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзсан бөгөөд оролцогчдод мөнгөн зоос дурсгал болгон өгсөн байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ӨМӨЗО-ны Уран бичигтнүүдийн холбооны тэргүүн Б.Оргилтой уулзаж цөөн асуултад хариу авлаа.
-Уран бичлэгийн үзэсгэлэнгийн талаарх таны сэтгэгдэл ямар байна вэ?
-Өнөөдөр энэ үзэсгэлэнд оролцсондоо сэтгэгдэл их өндөр байна.Монгол Улс, дундад улс, Буриад улсын уран бичигтнүүд хичээнгүй бичлэг, татлага бичлэг, тамга бичлэг зэрэг олон төрлийн уран бүтээлээ дэлгэж байна. Эндээс харж байхад улс бүрийн бичгийн соёлд онцлог, содсон зүйлс байгаа нь ажиглагдлаа. Бичлэгийн арга нь ч хоорондоо их ялгаатай байна. Тун сайхан үзэсгэлэн юм.
-Улс бүрийн бичиг соёлын ялгааг тодорхойлох боломж байна уу?
-Монгол уран бүтээлчдийн бүтээл их чөлөөтэй, зурган хэлбэрт оруулж их бичсэн бол ӨМӨЗО-ны бичээчдийнх их дүрэмжсэн, хэвшмэл хэв анзаарагдах байхаа.
-ӨМӨЗО-ны хувьд уран бичлэгийн салбар хэр хөгжиж байна вэ?
-ӨМӨЗО одоог хүртэл Монгол бичгээ хаяагүй авч явсаар байгаа. Тийм ч учраас нилээд дүрэмжсэн байдалтай байгаа. Уран бичлэгийн төрлийг ч мөн хаялгүй авч явсаар ирсэн. Уран бичлэгийн уралдаанаа Дундад улсын хэмжээнд зохион байгуулдаг.
-Энэ үзэсгэлэнд хичнээн хүний бүтээл байгаа вэ?
-ӨМӨЗО-нд бол хэдэн мянгаараа оролцдог. Харин энэ үзэсгэлэнд арван хүн л уран бүтээлээ ирүүлсэн. Монгол бичиг нь бага сургуулийн нэгдүгээр ангиас эхлээд төгсөх ангийн хүүхдүүдийн заавал сурах бичиг шүү дээ. Уран бичлэг сурч байгаа хүмүүс ч мөн тэр хэмжээгээрээ олон бий гэлээ.
Үзэсгэлэн нь тавдугаар сарын 9-10-ны өдрүүдэд Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн тахимд гарч байна.
Э.ТЭКҮ
Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.