ОХУ-ны алдарт дуучин “Секрет” хамтлагийн үүсгэн байгуулагчдийн нэг Максим Леонидов маргааш буюу тавдугаар сарын 10-нд болох тоглолттой холбоотой мэдээллээ өнөөдөр хэвлэлийнхэнд хүргэлээ. “Баянгол” ресторанд болсон тус мэдээллийн үеэр Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион болон хамтран зохион байгуулагчид оролцсон юм.
Мэдээллийн үеэр сэтгүүлчид Максим Леонидовоос зарим асуултанд хариулт авсныг уншигчиддаа хүргье.
-Та яагаад Монголд тоглолт хийх болсон бэ?
-Монгол ОХУ хоёр дээр үеэс найрсаг харилцаатай өнөөг хүрсэн. Тийм ч учраас 27 жилийн дараа дахин Монголд ирж байгаадаа тун баяртай байгаа.
-1987 онд манай оронд ирж тоглолт хийснээс хойш манай орон хэр өөр болсон байна вэ?
-Мэдээж бүх зүйл маш өөр болсон байна. Хөгжсөн гэдэг нь ойлгомжтой. Анх Улаанбаатар хотод исэн үеийн нэг дурсамжийг их тод санадаг юм. 1987 онд бид тоглолт хийчихээд Сүхбаатарын бунханг очиж үзэх гэтэл хаалга нь хаалттай байсан. Хэдийгээр бидэнд онгойлгож өгсөн ч буцаад гарахад дахиад л хаачихсан./ Инээв /
-Таны энэ удаагийн тоглолт юугаараа онцлог байх вэ?
-Мэдээж “Секрет” хамтлагийн уран бүтээлүүдээс хүргэнэ. Мөн өөрийнхөө сүүлийн 15 жил бие даасан уран бүтээлүүдээсээ тоглох учраас нилээд онцлогтой болох болов уу.
Максим Леонидовын хэвлэлийн хурлын үеэр Монгол сэтгүүлчдээс гадна хэд хэдэн гадаад сэтгүүлчид байснаас БНСУ-ын сэтгүүлч Монголд 23 жил амьдарсан гэх эрэгтэй тун хачирхалтай асуултнууд асууж байсныг уншигчиддаа сонирхуулъя.
-Та БНСУ-д очиж тоглох бодол байгаа юу?
-Хэрвээ намайг сайн сурталчилж чадах юм бол би очиж болно.
-Ер нь таны дуунуудыг их сонссон таны дууны төрөл манай орны Ганнам стайл гээд уран бүтээлтэй их адилхан санагддаг. Та өөрөө ч мэдэж байгаа байх?
-“Ганнам стайл” болон миний уран бүтээлүүдийн хооронд маш их ялгаатай шүү дээ гэлээ.
Максим Леонидов энэ удаа Чингисийн хөшөө болон байгальтай танилцах сонирхолтой байгаа гэдгээ ч мэдээллийнхээ үеэр хэлж байлаа. ОХУ-ын дуучин Максим Леонидовын тоголт тавдугаар сарын 10-нд UB palace-ын их тэнхимд 19.00 цагт болох юм.
Уншигчиддаа сонирхуулахад ОХУ-ын рок-поп дуучин, хөгжимчин, алдарт “Секрет” хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг Максим Леонидов өөрийн “Hippoband” хамтлагтайгаа “Одоогийн Монгол” сайтын урилгаар хүрэлцэн ирээд байгаа ажээ. “Секрет” хамтлаг нь анх 1985 онд үүсгэн байгуулагдаж, уран бүтээлээ тууривсан цагаасаа эхлэн Оросын, тухайн үеийн ЗХУ-ын рок попын ертөнцөд тэсрэлт хийсэн бөгөөд 1987 онд “Секрет”, 1989 онд ”Ленинградын цаг үе” нэртэй цомгуудаараа асар том амжилтанд хүрсэн.
”Секрет” хамтлаг нь Монголд 1987 онд Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн шугамаар хүрэлцэн ирж “ДСНК” болон Залуучуудын соёлын төв ордонд хоёр удаа тоглолт хийж байсан бөгөөд тэдний хит дуунууд болох "Тысяча пластинок», "Алиса», "Привет», "Вниз по течению», "Сара Барабу», "Моя любовь на пятом этаже» зэрэг дуунуудыг манай үзэгчдэд танигджээ.
Э.ТЭКҮ