УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон түүнтэй хамт өргөн мэдүүлэгдсэн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж буй юм.
Төслийн хүрээнд УИХ-ын гишүүд валютын ханштай холбоотой асуудлыг түлхүү хөндөж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:-Валютын ханшийн голчийг 2000-аар бариад явна гэж хэлж байна. Ийм нөхцөлд инфляцийг яаж нэг оронтой тоонд барих вэ. Валютын гурван ханштай болчихлоо. “Найман шарга”-ын нэг ханш, төв банкны бас нэг ханш, Н.Батбаярын барьдаг бас нэг ханш байна. Инфляцийг яаж барих вэ. Бондыг төсөвт яагаад тусгаж болохгүй байна вэ?
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр: -УИХ-ын танхимд валютын ханшийг ийм болгох тухай ярих нь хариуцлагагүй явдал. УИХ-ын гишүүн буруу чигналыг нийгэмд өгч болохгүй. Монгол Улсын эдийн засгийн өсөлт гурван жилийн турш хоёр оронтой тоогоор өссөн. Тийм байхад эдийн засгаа янз бүрээр муутгаж ярьж болохгүй. Хүндрэл бий юу байгаа. Бондыг яагаад төсөвт суулгахгүй байна гэж асуулаа, УИХ-аас өгсөн чиглэлийн хүрээнд бид төслөө боловсруулж оруулж ирсэн. Хуулийнхаа хүрээнд ажиллаж байна.
Сангийн сайд Ч.Улаан:-Бондын мөнгийг төсөвт тусгаж болно, тусгаад явж байгаа. Улсын өрийн хязгаарт бүх бонд суугаад явж байгаа. Харин төсвийн зарлагад суулгахгүй байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн заалттай зөрчилдөж байгаа учраас. Тэгээд ч Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлахдаа Хөгжлийн банк, түүний бондыг тооцохгүйгээр баталчихсан юм билээ. Төсөвт оруулаад явах нь зөв гэдэгтэй санал нэгдэж байгаа. Хууль эрх зүйн орчинг өөрчилж байж шийдэх ёстой.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:-Мөнгө байгаа тухай ярилаа, халамж руу зарцуулахгүй бол ард иргэдийн амьдрал хүндэрлээ. Төсвийн тодотголд энэ тухай туссан уу.
Хоёрт, Ерөнхий сайд таны ахлах зөвлөх Л.Гансүхийг гадаад руу зугатсан гэж хэвлэлээр бичсэн байна. Үнэн үү, хариулт өгөөч. Чалькотой байгуулсан гэрээг өөрчилсөн гэх. Үүнээс болж нүүрсний үнэ 30 хэдэн ам доллар болж буурсан гэх. Энэ бүхэнд хариулт өгөөч?
Сангийн сайд Ч.Улаан: -Урсгал зардлаас 40 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан, үүний 35 тэрбумыг цалин, тэтгэврийн нэмэгдэлд зориулна гэж санал оруулсан. Халамжид гэж заагаагүй.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: “Чалько” компаниас 370 сая ам.доллар урьдчилж аваад, 250 сая ам.долларыг нь Хүний хөгжил санд хуваарилж, 21 мянга болж тараагдсан. Одоогийн байдлаар “Чалько”-д төлөх өрийнхөө 200 гаруй сая ам.долларыг төлсөн, үлдэж байгаа 130 сая ам.долларыг энэ зундаа төлж дуусгана. Үнийг унагаачихсан гээд худлаа хэлээд байгаа. Хятадын дөрвөн боомт дээр байгаа нүүрсний үнийн дунджаар өгч авах гэрээ хийсэн юм билээ. Тэр үедээ 70 хэдээр хийсэн, одоо 30 хэд болсон уу гэвэл үнэн. Дөрвөн биржийн дундаж үнээр авсан үнэ явж байгаа. Эргэлзээд байвал гэрээг нь аваад үзчих, бүгд бичиг үсэгт тайлагдсан биз дээ. Нүүрс тээвэрлэлт зургаан сар зогсоогүй, 2 сар гаруй зогссон. Ийм бодитой юмаа ойлголцоод цэг тавиад хаячих л даа. Л.Гансүхийн тухайд гадагшаа эмчилгээнд явсан. Өнгөрсөн жилийн турш Н.Алтанхуягаар оролдсон, энэ жил зөвлөх рүү орж байна. Уг нь бол нэг тонн нь 200 мянган төгрөгт хүрч байсан нүүрсийг 80 мянган төгрөг болгож бууруулсан. Энэ чинь “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүн. Засгийн газраас хийж байгаа бүх юмыг муухай, эсвэл Н.Алтанхуягийн хавь ойрынхон иддэг гэдэг хэл аманд оруулж байна. зөвлөх н.Батмөнхийг байцаагаад таньдаг компанидаа тендэр олгосон гээд баахан шуугиулсан. Засгийн газар уг нь мөнгө идэхийн тулд биш ард түмнийхээ төлөө л ажиллаад байгаа юм шүү дээ. Авлигатай тэмцэх газартай холбоотой холбоотой хоёр өгүүлбэр хэлсэн. Юм л бол “Цагдана хорино” гэж айлгадаг. Цагдаагийн байгууллагад би “Аж ахуйн нэгжийг шалга” гэж хэлээгүй. Гэтэл ийм ийм схем яваад байна. Болохгүй шүү дээ гэлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ