Бие биендээ ухаангүй хайртай хос хоёрын харилцаа цаг хугацааны эрхэнд биенээсээ хөндийрч, арван жилийн туршид хамт амьдарсан тэд өөрсдөө мэдэхгүй ч бүтээсэн амьдралаа алдахгүйг хичээдэг. Гэвч гэргий нь нууц амрагтайн дээр нөхөр нь ч түүнийг мэддэг. Хосууд ярьж тохиролцон нөхөр нь ажлаасаа жаахан хоцорч гэртээ орох бөгөөд гэргийнхээ нууц амрагтайгаа юу хийсэн тухай шалгааж эхэлдэг. Эмэгтэй ч нуулгүй өдөр юу хийсэн тухайгаа ярьж өгч, таагүй харилцаагаа улам л муутгадаг. Харин нөхөр нь биеэ үнэлэгчийн үнэнч үйлчлүүлэгч болжээ. Үүнийг нь ч түүний гэргий тун сайн мэддэг. Биенээсээ уйдаж…өөрсдөдөө тохирох төгс, төгөлдөр нэгнийг хайсан хоёр хос биенийгээ хуурч байна гэж бодох болов ч эцсийн үр дүнд өөрсдийнхөө сэтгэлийг хуурч байснаа ойлгох мөч. Тэдний хайсан төгс төгөлдөр хайр нь тэд өөрсдөө байсан гэдгийг жүжгийн төгсгөлд хосууд ойлгосоноор жүжиг төгсдөг.
Н.Наранбаатар Төрийн соёрхолтын шагнал хүртсэнээсээ хойш ажилласан анхны уран бүтээл “Өчигдөр” жүжиг тайзнаа тавдугаар сарын 7-нд нээлтээ хийсэн. Н.Наранбаатар найруулах сургаар урлаг сонирхогчид ч тавдугаар сарын 6-н гэхэд “Өчигдөр” жүжгийн тасалбарыг дуусгав. Жүжгийн өрнөл, үйл явдал ойлгомжтой. Тайз засалт ч тун энгийн “Хэрээт төгөл”, “Бүүвэй” эсвэл “Уучлаарай та дугаар андуурч” жүжгүүдийг бодвол харьцангуй энгийн байлаа. Гэргийн нөхөртөө зориулж хийсэн хоол нь гурвалжин кардонон цаас, тавагтай хүйтэн зууш нь хуурамч шаржигандаг материалаар хийсэн ногоон навч байх юм. Тайзан дээр тийм зүйл байж болох юм гээд орхиход жүжигчдийн жүжиглэлт дэндүү хуурай, үнэмшилгүй, хүчилсэн жүжиглэлтийг гаргасан бүтээл болсон санагдав. Жүжигчдийн хийсэн хөдөлгөөн, жүжиглэлт ч нэг л наалдацгүй. Жүжигчдийн сонголт муу байв уу эсвэл жүжигчдийн чадвар чансаа зохиолдоо гологдчихов уу.
Аливаа уран бүтээлийн шүүгчид нь үзэгчид байдаг бол уран бүтээлийн чанарыг цаг хугацаа харуулдаг жамтай. Уран бүтээлчдэд өгдөг алга ташилт ч тэдэнд өгдөг хамгийн том шагнал гэдэг. Харин “Өчигдөр” гэх уран бүтээл үзэгчдийг гонсойлгож орхив. Тиймээс ч тэдний алга ташилт ч тун бага сонсогдлоо.
“Өчигдөр”-ийн өмнөхөн тавигдсан гурван жүжиг үзэгчдийн уухай, уран бүтээлчдийг үзэгчид хүндэтгэн сандалнаасаа босоход хүрэгсэн бол энэ удаад тийм зүйл болсонгүй ээ. Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчийн бүтээл тайзнаа амьдрах сургаар “Өчигдөр” жүжгийн нээлтийн тасалбар нээлтийн өмнөх өдөр буюу тавдугаар сарын 6-нд дуусчихсан. Драмын театрын хаалгаар багтахгүй шахуу хүн их цуглаж “Сэтгэхүйн” гэх айхтар тодорхойлолттой жүжгийг тэсэн ядан хүлээсэн билээ. Төрийн соёрхолт найруулагчийн “Өчигдөр” бүтээл хамгийн их үзэгчид цуглуулсан, хамгийн өндөр хүлээлттэй жүжиг байсан гэхэд хэлсдэхгүй. Гэвч энэ удаад Төрийн соёрхолт маань халтуурдчихав уу гэх сэтгэгдэл төрсөн. Жүжиг тарсны дараа хэд хэдэн үзэгчид “Өө, уг нь их гоё байх гэж бодсон юм” гэх яриа чих дэлсэж байлаа.
Сэтгэхүйн драмын жүжгийн зохиолч Харольд Пинтер нь 2005 онд Нобелийн шагналын эзэн болж байсан бөгөөд “Оскар”, “Алтан бөмбөрцөг” зэрэг наадмуудаас шагнал хүртэж байсан алдартай уран бүтээлч билээ. Харин түүний зохиолыг манай алдартай найруулагч Н.Наранбаатар найруулан тайзнаа амьдрууллаа. “Өчигдөр” сэтгэхүйн драмын жүжгийн гол дүр Сарагийн дүрд Соёлын тэргүүний ажилтан М.Тогтохжаргал, Ричардын дүрд Соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар нар тоглосон юм.
Долоон найруулагчийн долоон өөр ертөнцийн аялал дөрөв дэх найруулагчийн ертөнцтэй танилцлаа. Анх яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” зохиолоор сэтгүүлчид болон увайгүй улс төрчдийг шүүмжилнэ гэж мэдэгдэж байсан Н.Наранбаатар найруулагчийн сонгосон зохиол яагаад эгэл хүмүүний амьдрал руу өнгийх хүртлээ өөрчлөгдсөн нь бас л сонирхолтой.
Э.ТЭКҮ