УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашиг малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 51.7 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Санал хураалтад 60 гишүүн оролцсоноос 31 нь төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа хэлэх шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Монгол Улс хөгжих юм уу, хөгжихгүй юм уу. Энэ салбараа дэндүү их улстөржүүллээ. Засгийн эрх барьж байгаа эвслийн бүлгийн гишүүд нь эсрэг зүйл яриад сууж байгаа нь ойлгомжгүй байна. Эсвэл хоёр Засгийн газартай болчихсон юм уу, кабинетын зарчмаар ажиллах ёстой. Эдийн засгийн хүндрэлээс гаръя гэж сар ярилаа, уул уурхайн салбараа хөгжүүлж байж хүндрэлээс гарна. Эл салбар ДНБ-ний 40 орчим хувийг, төсвийн орлогын 40 хувийг бүрдүүлж байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын 90 хувь нь энэ салбар луу орж байна. Эдийн засаг хөгжихгүй бол ард түмэн яаж сайхан амьдрах юм бэ. Гол нь Ашигт малтмалын тухай хуулийн төсөл нь Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогынхоо гол концепциос хазайж болохгүй. Гадны хөрөнгө оруулагчдын хувьд Монгол цорын ганц сонголт биш шүү. Өрсөлдөх чадвартай, бодлого нь тогтвортой, ойлгомжтой байж уул уурхайн салбар хөгжинө. Хоёрдугаарт, зөвшөөрөл олгохдоо төр захиргааны хүнд суртлыг нэмж болохгүй одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиас илүү боловсронгуй болгох ёстой. Монгол Улс Эрдэс баялгийн салбараа тордож, хөл дээр нь тогтоож байж, хөгжинө. Хий хоосон улстөр хийхээ болъё гэлээ.
Хуулийн төсөлд орон нутагт уул уурхайн олборлолт эхлүүлэхийн өмнө хөрөнгө оруулагч, орон нутгийн иргэдийн хоорондын харилцан ойлголцох нөхцөлийг бүрдүүлэх, уул уурхайн төслийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тайлбарлан таниулах ажилд орон нутгийн удирдлагын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, хөрөнгө оруулагч компани, нутгийн өөрөө удирдах байгууллагын хооронд орон нутгийг хөгжүүлэх гэрээг ил тод, иргэдийн оролцооны зарчимд тулгуурлан байгуулдаг байхаар зааж өгчээ. Мөн эрдэс баялгийн салбарын судалгааны ажлыг мэргэшсэн инженерийн баг бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, ашигт малтмалын ордын нөөцийг үнэлэх олон улсын стандартад шилжих, цаашилбал улсын болон бүс нутгийн хөгжилд нөлөө бүхий ашигт малтмалын ордыг нэгдмэл байдлаар ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг заалтууд багтсан байна.
Эх сурвалж: http://enkhamgalan.parliament.mn