Х.Тэмүүжингийн асуудлыг нээлттэй хэлэлцье

Хуучирсан мэдээ: 2014.05.09-нд нийтлэгдсэн

Х.Тэмүүжингийн асуудлыг нээлттэй хэлэлцье

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлаас өчигдөр МАН-ын бүлэг завсарлага авсан. Уг асуудлаар хуралдсан өчигдрийн хаалттай хуралдааны талаар УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “УИХ-ын чуулганы энэ асуудлаар хаалттай хуралдуулах ямар ч шалтгаангүй байж. Нууцын тамга дарсан материалд нь улсын нууц, гүйцэтгэх ажлын нууцтай холбоотой нэг ч зүйл байсангүй” гэж тайлбар өгсөн юм.

Гэтэл олон нийт “Х.Тэмүүжинтэй холбоотой айхтар нууц ноцтой асуудлыг хэлэлцээд байгаа юм байна” гэх ойлголттой байгаа. Дээр нь хаалттай хурлын талаар зохион байгуулалттайгаар “хэрэг нотлогдож буй” тухай мэдээллийг тараав. Нотлогдож батлагдсан тухай ямар ч эх сурвалж хэлээгүй байхад шүү.  Тодруулж жишээлбэл, өнөөдрийн гурван ч өдөр тутмын сонин дээр үг үсгийн зөрүүгүйгээр “Хүчний зарим байгууллагуудын төлөөлөл Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байгаа тухай мэдээлэл хийсэн тул энэ асуудлыг эцэслэн шалгах нь зүйтэй” гэх үгтэйгээр завсарлага авсан шалтгааны талаар мэдээлжээ. Өдөр тутмын сонин дээр нэг өгүүлбэр яг адил үгтэйгээр ийн гарахыг хэвлэлийн салбарынх биш байлаа ч “зохион байгуулалттай” гэдгийг гадарлана.Гэвч мэдээлэлгүй байгаа, дээрээс нь хаалттай хурлын хаалганы цаанаас шидсэн зохион байгуулалттай мэдээлэл нь  олон нийтийг эргэлзэхэд хүргэж буй аж. Үнэхээр хуулийн хүрээнд асуудлыг харж чаддаг, бүр бүлгийнхээ эсрэг ч дуугарчихдаг Р.Гончигдорж гишүүний хэлснээр асуудлыг нь нээлттэй хэлэлцэж болохгүй гэж үү. Хаалттай хуралдаанаас хардлага төрдөг байсан бол одоо гүтгэлэг ч түгдэг болж байна уу даа.

Б.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж