
Хүн төрөлхтний гайхамшиг Олимпийн наадмаас 19 медаль хүртэж, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орныхоо нэрийг спортын олон төрөлд мандуулан дуурсгасан Монголын спортын гэр бүлийнхэн өнөөдөр “Тамирчдын баяр”, “Олимпийн өдрийг хамтатган тэмдэглэж буйгаараа онцлог байв.
Тамирчдын баярын хүндэтгэлийн ёслолд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн тэргүүтэй удирдлагууд хүрэлцэн ирж, олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, Б.Наранбаатар, Д.Цэрэнханд тэргүүтэй спортын одод оролцсон юм.
Тамирчдаараа бахархаж, спортоор амьсгалсан энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ илгээж, Лондонгийн олимпийн их наадамд оролцох тамирчдынхаа бэлтгэл, дасгалжуулалтад шаардлагатай бүх зүйлээр дэмжлэг үзүүлэх буянт үйлсэд өгөөмөр сэтгэлээр хандаж, бодитой туслалцаа үзүүлэхийг нийт ард иргэд, төр засгийн удирдлага, хувийн хэвшлийнхэн болон төрийн байгууллагад хандан уриалсан нь баяр дээр баяр нэмсэн онцгой үйл явдал байлаа.
Жилийн өмнөх яг энэ өдрөөс хойш Монголын спортын салбарт ахиц дэвшил авчрах, Монголын тамирчдын амьдрал ахуй, нийгмийн халамж, амжилт ялалтад түлхэц болох олон ажил биелэлээ олж, хэрэгжиж эхлээд байгааг ёслолын үеэр БТСГ-ын дарга Ч.Наранбаатар онцолж байв.
Өнгөрсө нэг жилийн хугацаанд Монгол Улс анх удаа Биеийн тамир, спортод төрөөс баримтлах бодлоготой болж, Монгол улсын Засгийн газраас Биеийн тамир, спортын “Цогц хөтөлбөр”-ийг батлахаар ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасны дагуу 7-64 насны иргэд “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-д хамрагдсан нь нийтийн биеийн тамир, спортын хөгжлийг дэмжсэн таатай мэдээний нэг ээ.
Ийнхүү Монголын тамирчид өнөөдрөөс эхлэн Лондон-2012 олимпийн наадмын их сунгаа эхэлснийг ард түмэндээ сануулан тус тусын бэлтгэл сургуулилтдаа гарлаа. Лондонгийн олимп айсуй. Монгол хүн бүрийн хүсэн хүлээж байгаа амжилтыг их спортод гаргахыг хүсэн ерөөж, суу алдар нь бялхсан нийт тамирчин, дасгалжуулагч, спортын халуун ам бүлийнхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дамжуулъя. Та бүхэн сайхан баярлаарай.
Б.Бадмаа