Нэг асуултад хариулт хайсан нь өчигдрийн жиргээ ертөнцийн нэгэн онцлох сэдэв байлаа. Тэр нь “Энэхүү шинэчлэлийн гэх засгийн газрын гол асуудал нь ноён доллар уу, эсвэл сайд Х.Тэмүүжин үү” гэдэг.
Болж бүтэхгүй байгаа дутагдлыг нь засч сайжруулж явах учиртай тул яг аль нь гол дутагдал вэ гэдгээ эхэлж харчихмаар. Жиргээчдийн хувьд гол асуудлыг ноён долларын өсөлт хэмээн харж байхад улс төрчид сайд Х.Тэмүүжинг л чухалчлан ярьцгаасаар.
Иргэдийнх нь халаасанд доллар гараа хийж, идэх хоолыг нь хагаслаж, өмсөх хувцсыг нь булааж байхад УИХ-ын гишүүд нь үүнийг үл анзаарч Тамхины хуулиа дахин дахин ярьцгааж, ямар ч үр дүнгүйгээр зургаан сарыг давхар дээлний тухай маргаж, ажлаа арай гайгүй хийж байгаа ганц сайдыгаа намнах гээд л,
Жиргээч Бат-Эрдэнийн “Эцэстээ хамгийн чухал нь үр дүн. Энэ засаг хоёр жил төр барихдаа гаргасан үр дүн ердөө энэ. Доллар 1300 төгрөгөөс 1800 төгрөг рүү өссөн явдал” хэмээн дүгнэж энэ тухай зургыг нийтэлсэн нь хамгийн олонтаа түгсэн жиргээ болов.
Мэдээж бүгд дэмжээд байгаагүй нь ойлгомжтой. Үүний хариуд “Дан ганц долларын өсөлтөөр эдийн засгийг хэмжих нь өрөөсгөл” гэж хариуг нь Дөлбадрал жиргээч өгөв. Гэвч бусад олон жиргээчид ам.долларын өсөлтийг хамгийн чухал асуудал гэдгийг онцолж “Засгийн газрын тухай хуульд тодорхой үзүүлэлтүүд зоож өгмөөр юм. Үндэсний валютын ханш унана гэдэг бүх хүний амьдралд нөлөөлдөг л үзүүлэлт” “Манайх шиг импортоор хамаг юмаа болгодог улсад дампуурал шүү дээ. Ард иргэдийн нуруун дээрх ачаа бүр хүндэрнэ” гэцгээв. Мөн үүний шалтгааныг арай өмнөх үеэс хайх ёстой гэх санаа ч гарсан нь “уг үндсийг нь ямар хүмүүс тавьсныг санаарай” гэх жиргээ байв.
Мөн араас нь “Тэмүүжин,давхар дээл гээд цаг алдуулсан улс төр эдийн засгийн хямралыг улам л гүнзгийрүүлж улсаа гүн хямрал руу түлхэж, доллар 2000 болох зам руу явж байна” “Хөөе одоо Тэмүүжин гэж байхын оронд доллар өсөөд байгаа талаар жиргэцгээе тэгэх үү одоо хэцүүдлээ” “Яагаад Тэмүүжинг энэ олон сайд нараас онцолж оролдоод байна, Тэмүүжин доллар өсгөөгүй, бензин хомсдуулаагүй, Эдийн засгийг унагаагүй байлтай” гэх зэргээр жиргэцгээсээр. Ийнхүү өчигдрийн онцлох жиргээнүүдээс хүргэвэл нэг иймэрхүү, харин өнөөдрийн сэдвийг таамаглавал шинэхэн цас байх бололтойдог шүү.
Цахим Болжмор