Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Беки Лангаг 5 дугаар сарын 7-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Дэд сайд Д.Ганхуяг Монгол Улс, ӨАБНУ-ын дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ жил тохиож буйг тэмдэглээд Өмнөд Африкийн Эрх чөлөөний өдрийн 20 жилийн ойн баярын мэндийг Элчин сайд Б.Лангад дэвшүүлэв. Мөн тэрбээр Өмнөд Африкийн Дэд Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Кгалема Мотлантегийн өнгөрсөн онд, Эрдэс баялгийн дэд сайд ноён Г.Олифантын саяхан манай улсад хийсэн айлчлал нь хоёр орны найрсаг харилцаанд шинэ хуудас нээж, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал болсныг онцлов. Манай хоёр орны найрсаг хамтын ажиллагааг эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулах нөөц, түүний дотор уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх бүрэн бийг талууд тэмдэглэж, эдгээр салбарын хамтын ажиллагааг дэмжсэн алхмууд хийгдэж эхлээд байгаад сэтгэл хангалуун буйгаа уулзалтын үеэр илэрхийлэв. Түүнчлэн дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд Монгол, Өмнөд Африкийн харилцаа, хамтын ажиллагаанд түлхэц үзүүлсэн тодорхой ажлууд хийхээр тохиролцсон байна.
Уулзалтын дараа Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон ӨАБНУ-ын Олон улсын харилцаа, Хамтын ажиллагааны яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт Дэд сайд Д.Ганхуяг, Элчин сайд Б.Ланга нар гарын үсэг зурав.
Эх сурвалж: www.mfa.gov.mn