МАН-ын бүлэг санал хураалтыг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2014.05.08-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг санал хураалтыг хойшлууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэх шатанд УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан байна. Ажлын тав хоногийн завсарлага ирэх долоо хоногийн пүрэв гаригт дуусч, улмаар чуулганы хуралдаанаар огцруулах эсэх асуудлыг эцэслэн шийдэх юм.


Чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Билигт, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нар оролцож, гишүүдэд мэдээлэл хийсэн байна. Гэвч МАН-ын бүлэг "Мэдээлэл хангалтгүй, тодруулах шаардлагатай асуудал байна" хэмээн завсарлага хүсчээ.


Өнөөдрийн чуулганы хуралдаанд УИХ-ын 68 гишүүн оролцсон байна. МАН-ын бүлгийн 26 гишүүний хоёроос бусад нь, ИЗНН болон МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл болон Ардчилсан намын гишүүд, бие даагчид нийлсэн 42 гишүүн оролцсон байна. Чуулганы хуралдаанаар УИХ-ын 30 гаруй гишүүн хэлэлцэгдэж буй асуудлаар хуулийнхнаас асуулт асууж хариулт авчээ. Асуулт хариултын дараа 40 гаруй хүн уг асуудлаар санал хэлэхээр нэрээ өгсөн боловч МАН-ын бүлэг хэлэлцүүлгийг зогсоож, завсарлага авсан байна. Тус намын бүлгийнхны хувьд саналын тоо, хүчний харьцаа нэгэнт Ардчилсан намын талд илүү жин дарах нь тодорхой болсон тул санал хураалтыг хойшлуулахын тулд завсарлага авсан бололтой.  
 

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авсан тул чуулганы нэгдсэн хуралдааныг нээлттэй горимд шилжүүлсэн юм. Ингээд Эдийн засгийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 70,2 хувийн саналаар уг тогтоолын төслийг баталснаар УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааныг өндөрлүүллээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж