БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдын орон нутагт ажиллах томилолт Баянхонгор аймгаас эхэлжээ. Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга болон байгаль орчны салбарынхантай уулзаж орон нутагт хэрэгжүүлсэн болон тулгамдсан ажлуудыг сонсон яамнаас барьж буй бодлогын талаар танилцуулж яваа юм байна.
Баянхонгор аймагт эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн асуудал хурцаар хөндөгдөж байна. 2009 оны тооллогоор720 га газарт нөхөн сэргээлт хийхшаардлагатай дүн гарчээ. Тиймээс энэ онд эвдэрсэн газрын тооллогыг дахин хийхээр болж, хангайн сумдад тооллого явуулжээ. Ирэх зургаадугаар сард говийн сумдад тооллого хийснээр нэгдсэн дүн гарах юм байна. Газрын гүнд алт бий гэсэн ойлголт арилаагүй цагт нөхөн сэргээлт хийгээд нэмэргүй, дахин сэндийлэгдэнэ гэж аймгийн удирдлагууд үзэж байна.
Бууцагаанд цаг уурын станц байгуулах хүсэлт гаргав
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа БОНХЯ-ны харьяа байгууллагуудаас тавьсан 15 саналыг Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдод хүлээлгэн өгч шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
Тус аймаг хангай, тал хээр, говь хосолсон учир цаг агаарын мэдээг багцлан хүргэх боломжгүй байдаг аж. Тиймээс Бууцагаан сумд цаг уурын станц, Баян-Овоо, Өлзийт суманд цаг уурын харуул байгуулах шаардлагатай байна. Мөн Бөөн цагаан нуур-Байдраг голын сав газрын захиргаа болон Орог нуур-Түйн голын сав газрын захиргааны албан ажлын хэрэгцээнд авто машин олгох, цаг уурын салбарынхны цалинг нэмэхзэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэв.
Иргэд голд автомашин угаахаа больжээ
Засаг даргын БОНХ-ийн сайдтай байгуулсан Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд найман ажил төлөвлөөд хэрэгжүүлж байна. Үр дүн сайтай байгаа нь голын дагуу байрлуулсан камерын систем юм. Камержуулснаар иргэд голын усаар авто машинаа угаадаг үйлдлийг таслан зогсоож чаджээ.
Д.ЦЭЭНЭ