“Биднийг битгий хөнөөгөөч”

Хуучирсан мэдээ: 2014.05.08-нд нийтлэгдсэн

Украины зүүн хэсгийн Славянск хотноо Киевийн Засгийн газрын цэргүүд болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын хооронд тулаан өрнөж эхлээд буй. Үүнтэй зэрэгцэн Славянск хотын хүүхэд, багачууд сэтгэл өвдөм лоозон барьж, бяцхан жагсаал хийсэн байна. Хүүхдүүд гартаа “Биднийг битгий хөнөөгөөч, Цэргүүдээ битгий бууд, Хэрэв бид үхвэл сая сая хүн та нарыг өршөөхгүй” гэх мэт үгс бичсэн лоозон барьсан байв. Үүнийг харсан Киевийн Засгийн газраас Оросыг дэмжигч “террористууд” хүүхэд, эмэгтэйчүүдийг “бамбай” болгон ашиглаж байна хэмээн буруутгажээ. Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Киевийн Засгийн газрыг иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэхээ даруй зогсоохыг шаардсан байна. Славянск хот нь Украины зүүн болон өмнөд хэсгийн зарим нутагт дэгдсэн салан тусгаарлах үймээний голомт болоод буй юм.

 

Үүний зэрэгцээ ОХУ-ын Засгийн газрын цахим хуудсанд санамсаргүйгээр крымчүүдийн 15 хувь нь л Москвад нэгдэхийг дэмжсэн гэх баримтыг оруулсан байсан гэнэ. Кремлийн цахим хуудас дээрх баримтыг нийтэлснийхээ дараа удалгүй устгасан байна. Гэвч Оросын хүний эрхийн зөвлөлийн Ерөнхийлөгч үүнийг цахим хуудсандаа хуулан оруулж, Крымын хойгийн бүх нийтийн санал асуулга ердөө 30 хувьтай явагдсан гэдгийг нэмж мэдээлжээ. Гэтэл ОХУ-аас Крымын хойгт явуулсан бүх нийтийн санал асуулга 80 гаруй хувьтай явагдаж, оролцогчдын 97 хувийн саналаар Москвад нэгдсэн гэж мэдээлсэн билээ.

 

Б.АНХТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж