Хөдөө аж ахуйн биржийн брокерийн үйл ажиллагааг сайжруулах, биржид шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн хоорондох харилцан ойлголцлын санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Санамж бичигт Санхүүгийн зохицуулах хороо, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбоо, ХАА-н биржийн зохицуулах зөвлөлийн ажлын албаны удирдлагууд гарын үсэг зурсан юм. Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Ц.Баярсайхан “Түүхий эдийн үнийг тогтвортой байлгах замаар санхүү, эдийн засгийн орчныг тогтвортой болгох зорилгоор Хөдөө аж ахуйн биржийг байгуулсан. Анх бий болсон энэ том тогтолцоонд брокеруудын үүрэг, оролцоо чухал учраас бид энэхүү санамж бичгийг байгуулж, цаашдаа биржийн арилжааг улам боловсронгуй болгоно” гэлээ.
Энэхүү гурвалсан санамж бичиг нь хугацаагүй бөгөөд жил тутамд шинэчилж байх ажээ. Ингэснээр санхүүгийн зах зээлийг тэлэх, салбарт шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, болон хөдөө аж ахуйн биржийн арилжааг хүртээмжтэй болгоход чиглэсэн ажлуудыг хийх юм байна.
Б.МИШЭЭЛ