Хотын даргаар хаяглуулах өргөдөл

Хуучирсан мэдээ: 2014.05.08-нд нийтлэгдсэн

Хотын даргаар хаяглуулах өргөдөл

Долоо хоногт ганц удаа унтах боломж олгодог амралтын өдрөөр,

-Түг, таг, түс тас, түрр, тарр… хийх чимээнээр цочин сэрлээ. Цагийн зүү 07.30-ыг заана. Орон сууц хойно миний амьдрал бусдаас хамааралтай. Миний хана минийх биш хажуугийн айлынх, манай дээвэр дээд айлын шал, шал маань харин доод айлын дээвэр. Хар өглүүгүүр хэн нь ханаа өрөмдөөд, шалаа дэвслээд, гэрлээ тогтоогоод эхлэв хэмээн өрвийсөөр босов, паар нүдэх санаатай дургүйлхэв. Хамгийн түрүүнд дээд айлын бөө санаанд орсон ч арай биш ээ. Хананд чихээ наавал юм сонсогдсонгүй. Ажаад байхнээ гадаа дуугарч байна. Тагтаар харвал байртай маань тулгаад байшингийн суурь цутгаж байгаа харагдав. Жилийн өмнө “Гурван билэг” компаниас энэхүү байрыг худалдаж авсан болохоор захирал руу нь ярилаа. Өмнө нь манай хажууд барилга барихаар болсноо мэдэгдсэн л дээ. Гэхдээ арван метр ч хүрэхгүй зайд барина гээгүй. Нар хаана гэж бол авиа ч гаргаагүй болохоор гайхсандаа утасдав.

-Та нар яагаад ганц амралтын өдрөөр, хар үүрээр барилгын ажил хийж, оршин суугчдыг чирэгдүүлж байгаа хэрэг вэ?

-Уг нь хүмүүс чинь амралтын өдрөөр 08.00 цагт босчихдог доо. За би хэлье… гээд утас дийд дийд…

…Нэгэнт сэрчихсэн болохоор зургийг аваад сошиал ертөнцийнхнөөр муулуулахаар “постоллоо” доо. Хачирхалтай нь хаа сайгүй л ингэж байгаа гэнэ. Надтай адилхан дургүйцсэн олон бишгүй бололтой.

Иймэрхүү байдлаар өмнө нь тулгаж барьсан “Алтай хотхон” л гэхэд хана нь цуураад, хэзээ мөдгүй нурах аюултай болсныг гэрчлэх зургийг нэгэн танил маань оруулжээ. Холбогдох байгууллагад нь мэдэгдсэн ч арга хэмжээ авч өгөөгүй гэнэ. Хариуцсан компани нь буцаахгүй. Зараад нүүе гэхнээ байрных нь “но”-г хэзээний мэдчихсэн болохоор хаширт хулхидуулах хүн олдоогүй юмсанж. Ингээд хэзээ дээрээс дарж алах бол гэж орой болгон таазаа харсаар хэвтдэг болсноо гунигтайхан бичиж үлдээжээ.

Ийм байдалд орохгүйн тулд санал гомдол хүлээж авдаг Засгийн газрын “1111”, нийслэлийн “1200” утсанд гомдол мэдүүлээд орхив. Хэд хоногийн дараа “Таны гомдлыг холбогдох байгууллага болох нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас танд хариу өгнө”  хариу мэдэгдэв. Дараагийн удаад утас дуугарахад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ярьж “Энэ газарт барилга барих зөвшөөрөлтэй”-г дуулгалаа.

Хоёр хоногийн дараа нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын ажилтан ирж харчихаад “Тоглоомын талбай алга, машины зогсоол алга, хэт ойрхон байна. Гэхдээ энэ нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөнд нэгэнт орчихсон иргэний барилга учраас манайх арга хэмжээ авахгүй. Энэ асуудлаа мэргэжлийн хяналтад ханд” гээд яваад өгөх нь тэр. Асуухнээ энэ байгууллага “төлөвлөлт” хийдэггүй болж таарав. Ингээд яг юу хийдэг байгууллагыг нь ч олж тогтоож чадсангүй.

 

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны арванхоёрдугаар 23-ны өдрийн 418 дугаар тушаалаар гаргасан МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ-ийн 5.26-д “Сууцны өрөө тасалгаанд нарны тусгалын үргэлжлэх норматив хугацаа өдөрт 2.5 цаг байх нь тохиромжтой бөгөөд БНбД 23-04-07-ын шаардлагыг заавал тооцож энэхүү нормын 4-р хавсралтад заасан ёсоор төлөвлөнө” гэж ёсчилжээ. Гэтэл манай хажууд нар битгий хэл цонх хаагаад барилга барьж байгаа. Тагтнаасаа тагт руу нь үсрээд орчихмоор тийм ойрхон шүү дээ. Энэ ч яах вэ. Хамгийн гол нь дээрх дүрэмд орон сууцны барилгын өндрөөс хамааран 10-62 метрийн зайтай байх ёстой гэж заажээ. Үүгээр бол манай байрнаас доод тал нь 45 метрийн зайд барилга барих стандарттай юмсанж.

Гэтэл энэ хэмжээнээс арав дахин бага талбайд барилга барихаар ухаад эхэлчихсэн. Мэргэжлийн хяналтынхан нь ирэх гэсээр байтал сүндэрлэчихнэ. Түүнээс өмнө манай байр хэнд ч хэрэггүй балгас болох магадлал маш өндөр. Учир нь хэзээний хана, туурга маань хагараад эхэлчихсэн харагдсан. Аргагүй л дээ. Ойрхон зайтай барих барилгын суурийг ухахад суулт өгөх нь гарцаагүй юм хойно.

 

д/д

 

Зай хэмжээний норматив

Зайн хэмжээ (М) барилгажих талбайд

барих барилгын давхрын тоо

2-4

5

9

12

16

1.

Барилгын тууш /урт/ талуудын хооронд

15

21

32

45

62.0

 

2.

Барилгын тууштал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд

10

12

18

 

24

32

3.

Орон сууцны цонхгүй хөндлөн хануудын хооронд

Галын нормоор тогтоогдоно.

 

4.

 

Шулуун тэнхлэгийн дагуу байрласан цамхаг хэлбэрт барилгуудын хооронд

 

 

 

29

 

48

                   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Ерөнхий төлөвлөлтийн газрынхан “Гурван билэг” компани энэ газарт барилга барих зөвшөөрөлтэй гэж мэдэгдэж байгаа хэрнээ сурталчлаад байгаа сайтад нь хэн гээч, хэзээ зөвшөөрөл олгосон, ямар үндэслэлээр гэдгийг харах нэг ч бичиг баримтыг олж үзсэнгүй. Угаас тоглоомын талбай байхгүй давчуу машины зогсоолтой энэ орон сууцны хажууд тулгаад барилга барих зөвшөөрлийг олгохдоо холбогдох байгууллагын түшмэдүүд огтхон ч ирж үзээгүй бололтой. Адаглаад өрөөнөөсөө “гүүгл мап”-аар харчих сэтгэл байсангүй. Эсвэл авлигын мөнгөөр амаа хамхиулсан байх. Биднийг байр худалдаж авахад хажууд нар хааж дахин орон сууц барихаа компанийнхан огтхон ч хэлээгүй зарсан. Иргэдээс нууж байжээ. Өнгөрсөн зун шинэ байрныхаа ажлыг хийж болох байсан ч баригдсан 65 айлын орон сууцныхаа талыг борлуулахын тулд байраа зарагдтал нь хүлээсэн байх л даа. Ийм л башир аргаар барилгынхан үзэж байна. Харин нийслэлийн түшмэдүүд юунд зөршөөрөл өгснөө ч мэддэггүй юмсанж. Эцэст нь мэргэжлийн хяналтад гомдол гарга гэчихээд л суух юм. Гэр хорооллыг барилгажуулна гэдэг нь зөв. Гэхдээ ингэж барилгажуулбал хэрэггүй. Ая тухтай орчин бус аюултай, айдастай орон сууцанд амьдрахыг бид хүсээгүй. Газар мундсан биш дээ. Нөгөө норм, стандарт чинь яасан бэ, хотын дарга аа. Нийслэлийн олон байгууллагын хооронд “паслуулж” гүйсээр байх хооронд хэзээний энэ барилга баригдчих учраас Засаг дарга танаас нэг иймэрхүү өргөдөл гаргавал хэнд, хаана хаяглаж, үтэр түргэн шийдвэр гаргах вэ гэдгийг асууя.

Өргөдөл гаргах нь:

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны ногоон нуурын 52 дугаар байрыг “Гурван билэг” компани нь 2013 онд ашиглалтад оруулсан билээ. 11 давхар нийтийн орон сууцны зориулалттай уг барилгад одоо нийт 64 айл оршин суудаг. Гэвч гаднаа машины зогсоолгүй, хүүхдийн тоглоомын талбайгүй болно. “Гурван билэг” компанийн зүгээс хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоолын асуудлыг удахгүй шийдэж өгнө гэж байсан боловч өнөөг хүртэл шийдвэрлэж өгсөнгүй. Оршин суугч, хэрэглэгч бидний тав тухтай амьдрах эрх зөрчигдсөөр өнөөг хүрлээ.

Үүгээр зогсохгүй “Гурван билэг” компани нь 52 дугаар байрнаас 10 метр ч хүрэхгүй зайнд дахин 11 давхар орон сууцны барилга барихаар ажлаа эхлүүлээд байна. Хэрэв энэ барилга баригдвал манай байрны зүүн тийш харсан цонхтой айлууд нар үзэж чадахгүй болох юм.

Оршин суугчдын эрх ашгийг зөрчин баригдах гэж байгаа энэ барилгын ажлыг болиулахыг шаардаж, тус байрны оршин суугчид “Гурван билэг” компанийн захирал Д.Энхцэцэгийг дуудаж уулзахад “Хэрэв энэ барилгыг бариулахыг болиулах гэж байгаа бол барилга барихаар худалдаж авсан 1,5 тэрбум төгрөгийг та нар гаргаж өг” хэмээн дарамталсан болно.

Монгол Улсад мөрдөгдөж байгаа барилгын норм, дүрмийг зөрчин баригдах гэж байгаа тус барилгын ажлыг зогсоож, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоолоор хангуулж оршин суугч хэрэглэгч бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангуулж өгнө үү. Мөн стандарт нормыг хангаагүй атал барилга барих зөвшөөрөл олгож, хотын ерөнхий төлөвлөгөөнд оруулсан алдаагаа засч тус барилгын ажлыг зогсоож өгнө үү.

Өргөдөл гаргасан:

СБД-ийн 11 дүгээр хороо Ногоон нуурын 52 дугаар байрны оршин суугч Л.Халиу

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж