59 дэх удаагийн “Eurovision” дууны тэмцээн Данийн Копенгаген хотноо үргэлжилж байгаа юм. Тус тэмцээнд Австри улсаас Кончита Вурст /Томас Нойвирт/ хэмээх трансжендер оролцогч өрсөлдөж буй нь олны анхаарлыг татаад байна. Кончита Вурст эмэгтэй хүн шиг хувцаслаж, биеэ авч явдаг боловч өтгөн хар сахал тавьдгаараа бусад оролцогчдоос онцгой аж. “Eurovision 2014” тэмцээний хагас шигшээд шалгарч үлдсэн Кончита Вурстын талаар үзэгчид хуваагдмал үзэл бодолтой байна. Түүний авъяасыг бишрэх нэгэн байхад гадаад төрхөнд нь шүүмжлэлтэй хандах хүмүүс ч цөөнгүй байгаа аж. Гэхдээ зохион байгуулагчдад Кончита Вурстын эсрэг ямар нэгэн гомдол албан ёсоор ирээгүй учир түүнийг тэмцээнд оролцуулсаар байгаа гэнэ. Кончита Вурст тэмцээний хагас шигшээд “Rise Like A Phoenix” нэртэй дууг дуулах аж.
“Eurovision 2014” дууны тэмцээний ялагч ирэх бямба гаригт /V.10/ тодрох юм.
Б.АНХТУЯА