-Нүдэнд үзэгдэж, гарт мэдэгдэхээр хохирол учраад байгааг юу гэж тайлбарлах вэ?-
Анх баригдахдаа л газрын маргаан дагуулсан “Рапид” харшийг тойрсон асуудал дуусахгүй нь. Төв цэнгэлдэхийн ойр орчмын талбайн гуравны хоёрыг эзлэн байрладаг энэ хорооллын газрын асуудлыг сөхвөл чамгүй нууц илэрнэ. Олон ч хүн “аавын хаалга” татаж мэдэх нигууртай. Хамгийн сүүлд гэхэд тус хотхоны оршин суугчид хулганы хөеө хөнддөг ажилтай болж. Учир нь тус хотхоны хэд хэдэн давхрын айлд хулгана гүйлдэх болжээ. Ингэхдээ ихэвчлэн дээд давхар буюу найм, есдүгээр давхрын айлд мэрэгч үүрлэсэн байж. Энэ талаар “Цэнгэлдэх өргөө” СӨХ-ныхноос тодруулахад “Энэ барилга угаасаа хулганы голомт дээр баригдсан. Тэгэхээр устгах ажил хийлээ ч ямар нэг үр дүн гарахгүй” гэх утгатай тайлбар хийв. Тэдний тайлбарласнаас үзэхэд “Хурд” групп нь “Рапид” хотхоны шавыг тавихдаа хулганы голомттой гэдгийг мэдэж байсан болж таарах нь.
Өөрөөр хэлбэл, хэзээ нэг өдөр оршин суугчийнх нь гэрт хулгана гүйлдэж, хүүхэд багачуудыг айлгаад зогсохгүй, халдварт өвчний эх үүсвэртэй байж болзошгүйг мэдсээр байж хорооллоо барьсан болж таарч байна. Харин иргэдийн тухайд өнөөдрийн байдлаар хавх тавих, хор цацах төдийхнөөр хулганатай дайн зарласан аж. Гэвч энэ төрлийн арга хэмжээ аваад ч устахгүй байгааг хотхоны оршиг суугчид хулганы голомттой газарт барилга барьсантай холбон тайлбарлаж сууна. Гэтэл нэг хэсэг айл өрх хулганы голомтыг устгах гэж зүдрэх зуур нөгөө хэсэг нь “Хурд”-ынханд хулхидуулснаа мэдэж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт байрандаа хэмжилт хийлгүүлэх гомдол, хүсэлт хүргүүлсэн байна. Тэгэхэд 10 гаруй айлын байрны метр.квадрат дутсан байна гэсэн дүгнэлт гаргажээ. Гэтэл “Хурд”-ынхан үүнийг эсэргүүцэж өөрсдөө хэмжилт хийсэн гэдэг. Хамгийн хачирхалтай нь “Бид хумслаагүй гэсэн” “Хурд” группийнхэн таван айлын гомдлыг барагдуулсан байх юм. “Хурд”-ынхан барьсан “Рапид” харшийнхаа метр.квадратыг ам.доллараар тооцож байсан. Энэ нь Төв банкны тухай хуульд заасан “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх төлбөр тооцоог төгрөгөөр хийх ёстой…” гэснийг зөрчиж байсан юм. Гэвч хэн тэдэнд итгэхгүй байх вэ. Манайхан үнэ дагаж чанар гэж ярих дуртай. Тус групп ч үүнийг эрэлхийлж байсан. Гэвч иргэдийн итгэлийг хөсөр хаяж, ар араасаа асуудал дагуулах нь хэнд ашигтай юм бэ. Эцэст нь хотхоны оршин суугчид зэвтэй усаар угжуулах гэж “Хурд”-ынханд ам.доллар өгсөн үү. Өнөөдрийн байдлаар таван байрны крантаар зэвтэй ус гоожиж байна. Энэ тухай иргэд СӨХ-ндоо гомдол гаргадаг ч тэд хэрхэхээ мэдэхгүй “Хурд” группийн удирдлагуудад уламжилсан аж. Гэвч тусыг эс олж, нэг, 24, 25, 26, 27 дугаар байрны оршин суугчид зэвтэй ус хэрэглэж сууна.
Магадгүй “Хурд” группийн барьсан хотхонуудад гарч буй асуудлыг өрсөлдөгч компанийн явуулга гэж тайлбарлаж болох ч нүдэнд үзэгдэж, гарт мэдэгдэхээр хохирол иргэдэд учраад байгааг юу гэж тайлбарлах вэ.
М.АРИУНТУУЛ
Зохиогчийн эрх: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин