106 ААН-ыг давуу эрхтэйгээр оролцуулна гэв

Хуучирсан мэдээ: 2014.05.07-нд нийтлэгдсэн

106 ААН-ыг давуу эрхтэйгээр оролцуулна гэв

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн буруутай үйл ажиллагаанаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь хүчингүй болж хохирсон гэх иргэдийн өргөдлийг хэлэлцлээ.

Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг нь 2009, 2010 онд нийт 106 ашигт малтмалын зөвшөөрлийг сонгон шалгаруулалтгүйгээр олгосон нь шүүхээс тогтоогдсон бөгөөд үүнээс болж зөвшөөрлөө хураалгасан аж ахуй нэгжүүд хоёр жил гаруйн хугацаанд хохирлоо төрөөс нэхэмжилж буй аж.

83 ААН-ийн эрх ашиг хөндөгдөж буй уг хэргийн хохирол нь нийт 28 тэрбум төгрөг хэмээгдэж буй бөгөөд “төрийн албан тушаалтны буруугаас иргэн, ААН-д учирсан хохирлыг төр хариуцна” гэх хуулийн хүрээнд эдгээр ААН-үүд хохирлоо барагдуулахыг хүсч гомдлынхоо араас явж буй гэнэ.

Өнөөдрийн байнгын хорооны хуралд Уул уурхайн дэд сайд, яамны бодлогын газрын дарга, Ашигт малтмалын газрын эрх зүйн газрын дарга, өргөдөл гаргагч ААН-үүдийн хуульчид болон байнгын хорооны гишүүд ирж оролцсон бөгөөд хэрхэн энэ асуудлыг шийдэж болох талаар зөвлөлдсөн юм.

Уг асуудлаар байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгээс аль аль талдаа ашигтай хувилбарыг санал болгохыг хичээсэн гэх бөгөөд “106 лицензийг эзэмшиж байсан аж ахуй нэгжүүдийг дахин сонгон шалгаруулалтанд ороход нь давуу эрхтэйгээр оролцуулах тусгайлсан журмыг гаргах, ингэснээр төсөвт хохирол учруулахгүйгээр асуудлыг шийдэх” гэсэн гаргалгааг санал болгосон байна.

Тэдгээр  83 компанид шууд ашигт малтмалын зөвшөөрөл олгоё гэхээр одоо үйлчилж буй ашигт малтмалын зөвшөөрөл шинээр олгохгүй байх хуулийн хориглолттой тул шинээр хууль батлагдахыг хүлээх, эсвэл тусгайлсан журмаар давуу эрхтэйгээр сонгон шалгаруулалтанд оролцуулахаар засгийн газарт чиглэл өгөх гэсэн сонголтыг хийх болж буй аж.

Байнгын хороо ийнхүү хэлэлцэх явцад МАН-ын болон Шударга ёс эвслийн зарим гишүүдээс шүүмжлэл гарч “уг нь эдгээр компаниудад ч буруу байгаа. Анхнаасаа сонгон шалгаруулалт байдаг гэдгийг мэдсээр байж яах гэж хуулийг тойрсон юм бэ. Үүнийхээ эрсдлийг одоо хохирол гэж харж байгаа юм уу” хэмээсэн байна.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж