Хосгүй олдворыг Засгийн газар л гаргана

Хуучирсан мэдээ: 2014.05.07-нд нийтлэгдсэн

Хосгүй олдворыг Засгийн газар л гаргана

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Өмнө хуралдсан байнгын хорооны хуралдаанаар соёлын өвийг хамгаалахтай холбогдон гарсан зардлаас нь шалтгаалж албан татвараас чөлөөлөх тухай асуудал яригдсан бөгөөд үүнд нь зарим гишүүдээс шүүмжлэлтэй хандаж “ААН-ийг дэмжинэ гэхээр л татвараас нь чөлөөлдөг байж болохгүй. Энэ бол буруу жишиг. Гэхдээ өөрийн хөрөнгөөр соёлын өвийг хамгаалсан бол урамшууллын механизм байх ёстой” гэх саналыг гаргасан аж. 

Хуулийн төслийг үндсэнд нь гишүүд дэмжиж байсан бөгөөд гишүүн А.Тлейхан “Олон зуун жилийн соёлын өвтэй улсын хувьд энэ өв соёлоо өвлүүлэн өгөх үүрэгтэй. Иймд үүнийг зохицуулсан чамбай хуультай байх ёстой” хэмээн онцолсон юм.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт гишүүдээс зарим зарчмын зөрүүтэй саналууд гарч дэмжигдсэн бөгөөд тухайлбал, соёлын өв дурсгалт газарт стандартын дагуу танилцуулга мэдээллийн самбар байрлуулах, үүнийг нь аймгийн Засаг даргын Тамгын газар хариуцаж ажиллах, хамгаалалтын бүсэд уул уурхайн ашиглалт хайгуул эрэх хайх ашиглахаас эхлээд бүр гэр байшин барихыг хүртэл хориглосон олон зохицуулалт орж буй аж.

Түүнчлэн түүх соёлын хосгүй олдворыг сэргээн засварлах зориулалтаар нь засгийн газрын зөвшөөрлийн үндсэн дээр нэг жилийн хугацаагаар хилээр гаргах зэрэг шинэлэг заалтууд ч байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар дэмжигдлээ.

Уг хуулийн төсөл батлагдсанаар “соёлын өвийг эрэн сурвалжлах, хайж илрүүлэх, бүртгэх, хадгалж хамгаалах, судалж шинжлэх, сурталчлах, сэргээн засварлах, үнэлэх, өмчлөх, эзэмших, ашиглах, соёлын биет бус өвийг өвлүүлэн уламжлуулах, соёлын өвийн хяналт,  дэлхийн өвийг хамгаалах талаар олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх эрх зүйн таатай орчин бүрдэх болно” гэж үзэж буй аж.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж