Жил хагасын өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрийн өндөр дээд алба хашиж буй албан тушаалтнуудыг гадаадад оффшор данстай байхыг хориглох тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн нь улстөрчдийн дунд халуухан мэтгэлцээн өрнүүлсэн удаатай. Гэвч эл төслийн сураг алдраад байна.
Уг нь УИХ-аар төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж, ажлын хэсэг байгуулах шийдвэрийг гаргаж байв. Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж ахалж байсан бөгөөд энэ хүрээд л жим бүдгэрэв.
Саарал ордонд “жиргэх” бор шувуугаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хав дарсан гэх. Тэрээр ажлын хэсгийн хуралдаанаа зарладаггүй аж. Ажлын хэсэг хуралдаан зарлаж хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийхгүй байхад байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яаж хэлэлцэгдэх билээ дээ. Үүгээр бол эрх баригчид зөвхөн цөөнхийн бүлгийн гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хав дардаггүй бололтой юм, өөрсдөд нь таалагдахгүй бол өөрийн хүнийхийг ч хав дарж болохын сонгодог жишээг ийнхүү УИХ-ын дэд дарга үзүүлж байна.
“Даашинзны хормойд тусгаар тогтнол явдаг юм аа” гэх хатуухан үгийг твитерээрээ дамжуулан илэрхийлж хуулийн төслөө хамгаалж суусан УИХ-ын гишүүн Ж.Батзандан ойрмогхон төслөө урагшлуулах талд алхам хийхгүй бол “Алтан гадас”-ынхан хав дарж суусаар байгаад хаврын чуулганыг өндөрлүүлж мэдэх нь байна шүү гэж…
Г.ШАРХҮҮ