
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд олон улсын энэ чуулга уулзалтад оролцогчдод баяр хүргэж, амжилт хүссэн илгээлт ирүүлснийг Монгол Улсаас Австрали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж хуралдааны нээлт дээр уншиж танилцуулав.
Элчин сайд Ц.Жамбалдорж Чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны нэг гол чиглэл нь уул уурхайн салбар бөгөөд байгалийн ихээхэн баялагтай өргөн уудам газар нутаг бүхий тус хоёр орны хувьд энэ чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломж байгаа, уул уурхайн дэвшилтэт техник, технологи ашиглан байгаль орчинд ээлтэй байдлаар эрдэс баялгын салбараа амжилттай хөгжүүлж чадсан Австралийн туршлагаас суралцах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлээд, цаашид ийм чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулахаа илэрхийлэв.
Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан Австралийн Гадаад худалдааны агентлагийн орлогч дарга П.Юлитэй уулзаж, хоёр талын уул уурхай, эрдэс баялгийн салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов. П.Юли чуулга уулзалтад оролцож үг хэлсэн бөгөөд Австралийн Гадаад худалдааны агентлагийн зүгээс Австралийн уул уурхайн компаниуд Монголд үйл ажиллагаа явуулахад шаардлагатай мэдээлэл, зөвлөмжөөр хангахад бэлэн гэдгээ илэрхийлж, энэ ч үүднээс Худалдааны асуудал эрхэлсэн төлөөлөгчөө Монголд дөрвөн сарын хугацаагаар томилон ажиллуулж байгаагаа мэдэгдэв.
Чуулга уулзалтад Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын зөвлөх С.Отгонбат, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дэд дарга Г.Дугаржав, “Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци”-ийн тэргүүн Д.Дамба, Австралийн Сөүл дэх ЭСЯ-ны Элчин зөвлөх бөгөөд Худалдааны ахлах зөвлөх Мартин Уолш, “Рио Тинто” компаний Санхүүгийн асуудал эрхэлсэн захирал К.Приестл, “Лейтон холдинг”-ийн Азийн бүсийн захирал Хамиш Тирвит, “Ханаду Майнинг” компаний дарга Б.Торнтон нарын хүмүүс тодорхой сэдвүүдээр илтгэл тавьж, монголд бизнес эрхлэх, хөрөнгө оруулах орчин, анхаарах асуудал, боломжийн талаар санал бодлоо хуваалцсан талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.