УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар гурван ч ажлын хэсэг байгуулах тогтоолын төсөл хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц хүрээгүй учраас хойшиллоо. Тодруулбал, "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагааг Үндэсний аудитын газартай хамтран шалгах ажлын хэсэг байгуулах, Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулах тухай, Бондын зарцуулалтыг шалгах ажлын хэсэг байгуулах гэсэн гурван ажлын хэсэг байгуулахаар байсан.
Гэвч байнгын хорооны хуралдаанд сууж байсан АН-ын гишүүдээс Ц.Баярсайхан сайдаас бусад нь хурал орхиж гарсан юм. Тиймээс ажлын хэсэг байгуулах тогтоолын төслүүд байнгын хорооны гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй юм. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Олонхийн бүлгийн олон сайд нар сууж байснаа гараад явлаа. Тэд өөрсдийгөө ажил сайн хийж байгаа, шалгуулах шаардлагагүй гэж үзэн санал хураалтын өмнө гараад явлаа. Чингис бондын зарцуулалт ард түмэнд төдийгүй гишүүдэд нээлттэй, ил тод байх ёстой байсан" гэлээ. Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар гурван ажлын хэсэг байгуулахыг гишүүдийн олонхи дэмжлэг авч чадсангүй. Үүгээр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.
Ш.ОЧ