Н.Тэгшбаяр Австри улсад ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2014.05.07-нд нийтлэгдсэн

Н.Тэгшбаяр Австри улсад ажиллаж байна

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр, тус газрын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Тамир нар Австри улсын Вена хотод болж байгаа Олон  улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/-ын Техникийн хамтын ажиллагааны үндэсний зохицуулагч нарын бүсийн ээлжит хуралдаанд оролцож байгаа аж.

Уг хурал тавдугаар сарын 5-нд эхэлж, Ази, Номхон далайн бүсийн гишүүн орнуудын цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын удирдлагууд оролцож буй юм байна.

Энэ удаагийн хурлаар гишүүн орнууд хэрэгжүүлж буй төслүүдээ хэрхэн сайжруулах, цацрагийн аюулгүй байдлын дэд бүтцийг бэхжүүлэх зорилгоор бүсийн хамтын ажиллагааг хэрхэн бэхжүүлэх, анагаах ухааны салбарт хүний нөөцийг хөгжүүлэх арга замыг эрэлхийлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэж буй ажээ. Мөн цацрагийн аюулгүй байдлын үндэсний дэд бүтцийг хөгжүүлэх, хамтын ажиллагааны хүрээнд дэмжлэг үзүүлэх, цөмийн хэрэглээг энхийн зорилгоор ашиглах, амжилттай туршлага, боломжийг ашиглан үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллах юм байна.

Өнөөдөр тэд үндэсний хөтөлбөрийн төсөөллийн тэмдэглэл болон хөтөлбөрийн зарчмыг хянан үзэхэд дэмжлэг үзүүлэх, бүсийн хамтын ажиллагааны хүрээнд 2016-2017 онд хэрэгжих хөтөлбөрийн бэлтгэл хангах зэрэг ажлуудыг хэлэлцэж буй аж.

Онцлоход, ОУАЭА-ын ТХА-ны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад цөмийн технологийг анагаах ухаан, хүнс хөдөө аж ахуй, геологи уул уурхай гэх мэт олон салбарт ашигладаг болсон. Хамгийн сүүлд гэхэд уг хөтөлбөрийн шугамаар нэгдүгээр эмнэлгийн Цөмийн онош зүйн тасагт хавдрыг эсийн түвшинд оношлох спект гамма камерийг нийлүүлсэн бол мөн холбогдох мэргэжилтнийг гурван жил сургаж ур чадварыг нь дээшлүүлжээ.

ОУАЭА-ын ТХА-ны үндэсний зохицуулагч нарын бүсийн ээлжит хуралдаан тавдугаар сарын 8-н буюу маргааш өдрийг дуустал үргэлжлэх аж.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж