Төсвийн мөнгөөр мэндчилгээ дэвшүүлж болохгүй гэв

Хуучирсан мэдээ: 2014.05.07-нд нийтлэгдсэн

Төсвийн мөнгөөр мэндчилгээ дэвшүүлж болохгүй гэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “А” танхимд болж байна. Уг хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж буй юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Төсвийн хөрөнгөөр хэвлэл, мэдээлэлд сурталчилгаа хийх, хаалтын гэрээ хийхийг хориглоно” гэсэн саналдаа зарим нэг найруулгын чанартай өөрчлөлт хийж буйгаа дуулгалаа. Тэрээр “Яам, агентлагуудын үйл ажиллагаа олон нийтэд ил тод байх ёстой. Энэ утгаараа хийж хэрэгжүүлж буй ажлаа сурталчилах эрх нь нээлттэй. Гол нь төсвийн хөрөнгөөр сайд, дарга нар мэндчилгээ дэвшүүлж өөрийгөө сурталчилж болохгүй. Энэ санааг тодотгож нарийвчлах саналтай байна” гэснийг байнгын хороонд оролцсон олонхи гишүүн дэмжлээ.

Гэхдээ Ц.Оюунбаатар гишүүнийг горимын саналдаа дээрх өөрчлөлт хийж буйг Г.Уянга гишүүн зэмлэж, том ухралт хийлээ хиймээн шүүмжилсэн юм.

Энэ мэтчлэн зарчмын зөрүүтэй хэд, хэдэн саналын томъёололд найруулгын чанартай өөрчлөлт хийж санал хурааж дууссанаар Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлэхээр болов.

Одоо тус байнгын хороо Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж