
УИХ-ын дарга баярын цахилгаандаа, олон нийтийн бие даасан чөлөөт мэдээллийн хэрэгсэл хөгжих эрх зүйн орчин бүрдүүлж, түүнийг улам боловсронгуй болгоход Улсын Их Хурал байнга анхаарч ирсэн бөгөөд 1998 онд “Хэвлэлийн эрх чөлөөний тухай”, 2005 онд “Олон нийтийн радио, телевизийн тухай” хуулийг батлан гаргасан нь Монголд чөлөөт хэвлэл, мэдээллийн тогтолцоог жинхэнэ ёсоор бүрдүүлсэн билээ. Энэхүү эрх зүйн орчинд олон нийтийн “Ховд” телевиз төлөвшин хөгжиж, иргэд, олон нийтийг улс орны болон орон нутгийн ажил, амьдралын тухай шинэ соргог мэдээ, мэдээллээр хангахад бусад хэвлэл, мэдээллийн хэрэгслийн нэгэн адил өөрийн хувь нэмрийг оруулж байгааг тэмдэглэхэд таатай байна.
Өнөөдөр сэтгүүлчдэд өндөр шаардлага ногдох болж, Та бүхнийг хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэх замаар иргэд, үзэгчдийг үнэн бодитой, өргөн хүрээтэй, гүн агуулгатай мэдээллээр шуурхай хангах нийгмийн үүргээ хууль, тогтоомжийн хүрээнд цаашид ч амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна гэж дурьдсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.