О.Баасанхүү ямар прокурор юм уу!

Хуучирсан мэдээ: 2014.05.07-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү ямар прокурор юм уу!

О.Баасанхүү ямар прокурор юм уу!

Э.Эрдэнэжамъян: Х.Тэмүүжингийн зөв, бурууг тогтоодог О.Баасанхүү ямар прокурор юм уу?

Хууль зүйн дэд сайд Э.ЭРДЭНЭЖАМЪЯНТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та Интерполд захиа бичээд, энэ нь таны буруу гэдгийг анхан шатны шүүх тогтоосон. Та Хууль зүйн дэд сайд хүн. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна уу?

-Яаж зөвшөөрөх вэ дээ. Илт хууль бус шийдвэр гарсан. Би анхан шатны шүүх дээр цагаадна гэдэгтээ бараг 99 хувь итгэлтэй байсан. Яагаад гэхээр угаасаа л гэмт хэрэг биш. Хэрвээ би Н.Алтанхуяг гэдэг хүний багтай үзэл бодол нийлээгүй бол надад улс төрийн хариуцлага тооцож болох байсан. Гэтэл улс төрийн үзэл бодол, алхам хийсний дараа эрүүгийн хэрэг  үүсгэсэнд гайхаад байгаа юм. Энэ нийгэмд аюултай үзэгдэл биш. Би хэнд ч худлаа захиа бичээгүй, хэнийг ч гүжирдээгүй, хор хохирол учруулаагүй. Өөрийнхөө улс төрийн үзэл баримтлалаа илэрхийлсэн. Н.Энхбаяр гэдэг хүнд үүсгэсэн хэрэг бол улс төр давамгайлсан хэрэг гэж л үзсэн. Тэрийгээ Интерполд илэрхийлсэн.

-Таныг захиа бичсэний дараа Интерпол эрэн сурвалжлахаа зогсоосон шүү дээ. Энэ нь шүүн таслах ажиллагааны эсрэг ч юм уу, Хууль зүйн дэд сайдын албан тушаалаа ашигласан хэрэг мөн үү?

-Интерпол надаас захиа очсоны дараа шууд үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, гүйцэтгээгүй. Юу болсон бэ гэхээр, Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг хайхдаа Авлигатай тэмцэх газар алдаа гаргасан. Интерполын дүрмийн дагуу бүрэн гүйцэд мэдээлэл явуулаагүй. "Н.Энхтуяа, Б.Хуяг нар нь Н.Энхбаяр гэдэг хүнтэй холбоотой. Н.Энхбаяр нь шүүхээр шийтгүүлсэн байгаа. Олоод өгөөч" гэж явуулсан хүсэлт дээрээ Н.Энхбаяр гэдэг хүн сэтгүүлч,орчуулагчийн ажил эрхэлж байгаа гээд биччихсэн байсан.

-Тэгж бичсэнийг нь та яаж мэдсэн юм?

-Сая шүүх хурал болоход мэдсэн. Хавтаст хэрэг дээр ч байгаа. Тэгэхэд Н.Энхбаяр одоо ч гэсэн МАХН-ын дарга, Шударга ёс эвслийн тэргүүн, Монгол Улсын гурав дах Ерөнхийлөгч байсан хүн. Иймхэн л зүйлийг бичсэн байсан бол Интерпол өөрөө автоматаар улс төрийн хэрэг байсан уу гэдгийг шалгах байхгүй юу. Авлигатай тэмцэх газар үүнийг шалгуулахгүйн тулд, ажлаа хурдан явуулахын тулд дутуу мэдээлэл Интерполд өгсөн. Тэр нь намайг захиа бичсэний дараа илрэхгүй юу. Би захиандаа, "Энэ хүн Монгол Улсын Ерөнхийлөгч байсан. Одоо парламентад 11 суудалтай эвслийн намын дарга. Нам нь засаг барилцаж байгаа. Манай нам энэ хэргийг улс төрийн хэрэг гэж үзсэн. Үүнийгээ бага чуулганаараа хэлэлцэж тогтоол гаргасан. Тогтоолын англи эх нь энэ байна" гээд явуулсан. Дээр нь "Манай улсад улс төрөөс шалтгаалсан нэгнийгээ мөрдөн хяхдаг зүйл байгаад байна. Манай энэ байгууллагуудын үйл ажиллагаанд хөндлөнгийн дүгнэлт хийгээд өгөөч" гэж хүссэн. Ингэж нэрийн хуудсан дээрээ бичсэн Хууль зүйн дэд сайдын улс төрийн албан тушаалаараа улс төрийн үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл намайг албан тушаалаа ашигласан гээд байгаа юм. Би яамнаас албан ажлаар явахдаа нэг ч удаа ингээгүй. Үүнийг Интерпол маш сайн ойлгосон.

-Юу гэж ойлгосон гэж?

-"Э.Эрдэнэжамъян гэдэг хүн энэ захиаг өөрөө бичсэн үү. Хэрвээ бичсэн бол энэ захиаг албан ёсны гэж үзэлгүй мэдээлэл гэж хүлээн авлаа. Үүнийг Э.Эрдэнэжамъянд мдамжуулаарай. Хэрвээ албан ёсоор харилцах бол бид зөвхөн Интерполын үндэсний товчоогоор дамжуулж харилцдагийг сануулаарай" гэсэн хариу ирүүлсэн. Бас "Н.Энхбаяр гэдэг хүн үнэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр гэдэг хүн мөн үү. Мөн бол энэ талаараа илүү тодорхой мэдээлэл явуулаач ээ" гэсэн хоёр асуулттай захидлыг Интерполоос Монгол руу явуулсан. Хариуд нь Авлигатай тэмцэх газар Монголын Интерполын товчоогоор дамжуулж "Э.Эрдэнэжамъян захиаг өөрөө бичсэнээ хүлээлээ. Гэхдээ зөвхөн улс төрийнхөө байр суурийг илэрхийлсэн юм байна. Хоёрт нь, Н.Энхбаяр Монголын Ерөнхийлөгч байсан хүн мөн. Түүнтэй холбоотой хэрэг үүсээд явж байгаа" гэсэн. Интерпол хариуд нь "Баярлалаа. Э.Эрдэнэжамъяны захиа болон та нарын явуулсан хэргийн нөхцөл байдлын талаархи албан бичиг,өөрсдийн явуулсан судалгаан дээр үндэслэн энэ хэргийг улс төрийн хэрэг гэж үзлээ. Ингээд эрэн сурвалжлахаа болилоо" гэсэн.

-Гэхдээ сүүлд Х.Тэмүүжин сайд Интерпол руу захиа бичсэний дараа Б.Хуяг, Н.Энх- туяа нарыг эрэн сурвалжилж эхэлсэн. Яагаад юм бол?

-Намайг захиа бичихэд Н.Энхбаяр дарга Улсын дээд шүүхэд давж заалдах эрхтэй байсан. Би "Хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. УИХ, орон нутгийн сонгуулийн өмнө МАХН-ынхныг олон улсад эрэн сурвалжлагдаж байна гэж харагдуулахыг оролдож байна. Үүнийг судлаад болиулж өгөөч" гэж захиандаа бичсэн байсан. Гэтэл шийдвэрлэснийх нь дараа Х.Тэмүүжин сайд, "Энэ хүний хэргийг Монголын шүүх эцэслэн шийдвэрлэсэн" гэж захиа бичсэн.

-Та давж заалдах өргөдлөө өгсөн үү?

-Өгчихсөн байгаа.

-Дэд сайдын суудал бол улс төрийн албан тушаал. Таны улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилээр хассанбайгаа. Дэд сайдын албаа өгөх үү?

-Би давж заалдсан болохоор хуулиараа анхан шатны шүүхийн шийдвэр түдгэлзчихсэн байгаа. Нэгэнт түдгэлзсэн учраас шүүхийн шийдвэр биелэхгүй. Би бол Нийслэлийн шүүх дээр цагаадна гэдэгтээ дахиад 99 хувь итгэлтэй байна. Яагаад миний улс төрийн байр суурин дээр ял өгч байгааг ойлгохгүй байгаа. Интерпол миний өмнө нь "Н.Энхбаяр даргад үүсгэсэн хэрэг бол улс төрийн хэрэг" гэж сонинд ярьснаас үндэслэж шийдвэрээ гаргасан бол яах вэ. Авлигатай тэмцэх газар анхнаасаа "Н.Энхбаяр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч байсан хүн" гэж бичээд явуулсан бол Интерпол хайхгүй байсан бол яах вэ. Цаагуураа л Э.Эрдэнэжамъян гэдэг хүн захиа бичихэд та нар хүлээж авч үндсэн хуулиа зөрчсөн ухааны юм яриад байна. Шүүх хуралд гэрчээр оролцсон Монголын Интерполын товчооны ажилтан Билэгт гэдэг залуу "Интерполын үндсэн хуульд өөр хувь хүн, албан тушаалтнаас захиа хүлээн авч шийдвэр гаргах талаар ямар ч зохицуулалт байхгүй. Ийм учраас Э.Эрдэнэжамъян хууль зөрчсөн" гэж мэдүүлсэн. Хэрвээ Интерпол хэнээс ч мэдээлэл авдаггүй юм бол яах гэж вэб сайт нээж, тэндээ хүмүүсээс мэдээлэл авах цонх нээдэг юм.

-Та хяналтын шатны шүүх хурал дээр ялагдвал ажлаа өгөх үү?

-Тэгвэл өгөхөөс өөр аргагүй. Би бол Интерполын дуулиан эхэлснээс хойш ажлаа өгье гэж намынхаа дэд дарга, ерөнхий нарийн бичгийн даргадаа өргөдлөө өгч үзсэн хүн шүү дээ. Олон улсад "Уучлаарай, би алдаа гаргасан учраас огцорлоо" гэдэг жишиг байдаг учраас алдаагаа хүлээн зөвшөөрсөн болчихно гэж надад буцааж хэлсэн. Би алдаа гаргаагүй учраас шүүх намайг цагаатгавал дараа дараагийн ажлаа бодъё гэсэн байдалтай л байна. Гэхдээ багаар тоглож байгаа учраас намын шийдвэрээс хамаарна. Өөрийн толгойгүй байна гэж битгий шүүмжлээрэй. Хагас хамгаалагчийн байрт тавьчихаад байхад довтлогч болно гээд хаалга руу гүйж, хамгаалагч болно гэж ард үлдээд байж болохгүй шүү дээ. Дур дураараа оролдоод байвал өөр багт гоол алдана.

-Яриагаа өөр тийш хандуулъя. Та хуулийн шинэтгэлд гар бие оролцож байна уу. Таныг намаар ялгаварлаж, энэ ажлын гадна үлдээгээд байгаа гэсэн үг зарим нэгний амнаас сонсогдох юм?

-Хэн тэгж яриад байгаа юм бол доо. Ер нь дэд сайд чинь хуулиараа сайдын өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд л ажиллах ёстой. Би сайдын өгсөн үүрэгт ажлыг гологдохооргүй сайн хийж байгаа гэж ойлгож байгаа. Шинэчлэлийн ажилд оролцохгүй гэх үндэс байхгүй. Яагаад гэвэл, манай бичиг хэргийн дүрэм, бүх юм тогтсон дараалалтай. Ямар ч бичиг баримт, журам хаа нэг тийш явахдаа надад танилцагдаж, гарын үсэг зурагдаж явдаг. Тийм учраас би холдоод байгаа зүйлгүй.

-Дэд сайдын ажлын нэг өдөр чинь ямар байдлаар өрнөж байгаа вэ. Өглөөнөөс орой хүртэл бичиг цаасан дунд өнгөрөх үү?

-Өглөө орж ирээд танилцах хуудастайгаа хамгийн эхлээд танилцана. Манай Хууль зүйн яамны онцлог нь, Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, Байнгын хорооны тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол зэрэг нийтээр дагаж мөрдөх гарсан шийдвэр бүр танилцагдаж байх ёстой. Дараа нь бусад яамнаас манайхаас санал авахаар ирүүлсэн саналуудтай танилцана. Ингээд хуулийн төслийн ажлын хэсэгтээ ороод ажиллана. Би бол, Арбитрын хуулийн ажлын хэсгийг ахалж байх жишээтэй. Х.Тэмүүжин сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар нэг нэг хуулийн төслийн ажлын хэсгийг ахлаад ажиллана. Гэх мэтээр цаастай зууралдаад өнгөрнө шүү дээ. Өөр арга байхгүй. Ер нь ажлын цагтаа амжихгүй уртасгасан цагаар ажилладаг.

-Сүүлийн үед Хууль зүйн сайдыг огцруулъя гэж яриад байгаа. Та нэг байшинд хамт ажиллаж байгаа Х.Тэмүүжинг хувь хүнийх нь хувьд,улстөрчийнх нь хувьд юу гэж дүгнэдэг вэ?

-Х.Тэмүүжин бол ирж яваа цагийн түүчээ залуучуудын нэг гэж би боддог. Ёс зүйтэй, мэдлэгтэй хүн. Хууль зүйн салбарыг яаж шинэчлэх ёстой вэ гэдгийг өөрийнхөө хэмжээнд үзэл баримтлалаа бий болгосон ийм хүн. Танил талаа харж, таван цаас яаж олох вэ гэж гүйдэг ангиллын залуучуудаас өөр гэж боддог. Тэр утгаараа манай үеийнхэн, надаас доош үеийнхэн бүгдээрээ Х.Тэмүүжин сайдыг хүндэлдэг шүү дээ.

-Та энэ хүнийг хэр сайн мэдэх вэ?

-Мэдэх хэмжээндээ мэднэ ээ. Хичээл заалгаж байсан шавь нь шүү дээ. Төгсөх курсийн оюутан байхдаа олон улсын харьцуулсан эрх зүй гэдэг хичээл заалгаж байлаа.

-Тэгвэл энэ хүний толгойлж байгаа эрх зүйн шинэтгэлд ямар дүн өгөх вэ?

-Дэд сайдыг нь хийж байж дүн өгөх нь өөрөө өөрийгөө дүгнэж байгаатай адилхан. Дүнг нь ард түмэн, бусад байгууллага тавиг. Ямар ч байсан асар том шинэчлэлийг хөдөлгөөд эхэлчихсэн. Хөдөлгөж эхэлнэ гэдэг чинь хэр баргийн хүний хийж чаддаг ажил биш. Энэ бол улс төрд өөрийгөө ойлгуулж, дэмжлэг авч чадсан хүний л ажил. Нэгэнт эхэлсэн ажлыг бүгдээрээ нийлээд гүйцээх чухал. Хүмүүс "Ганц Х.Тэмүүжингээр хууль зүйн шинэчлэл дутахгүй" гээд сүртэй юм ярьсан байна лээ. Ганц хүнээс шалтгаалдаг зүйл байна шүү. Х.Тэмүүжин байгаагүй бол энэ шинэчлэл эхлэхгүй байсан ч юм билүү.

-Ц.Нямдорж гишүүнийг сайд байхад ч шинэчилнэ гэж яриад бэлтгэлээ хийж байсан. Цаг үе нь Х.Тэмүүжин дээр л таарчихсан юм биш үү?

-Хүн болгоны аманд хууль зүйн шинэчлэл гэдэг үг орчихсон байгаа биз дээ. Энэ л их чухал гэж би хувьдаа боддог. Мэдээж алдаатай, оноотой янз бүрийн зүйл гарч магадгүй, Гэхдээ засагдах алдаанууд. Яагаад гэвэл, хууль зүйн шинэчлэл ялангуяа хүний толгойд явна. Тэнд ажиллах хүмүүс "Би өөрчлөгдөх ёстой шүү" гэсэн итгэл, үнэмшил төрж байж явдаг ажил болохоос биш хууль өөрчлөөд л болчихгүй. Өнөөдрийн хуульд, авлига, хүнд суртал, гэмт хэрэг бүрийг зөвшөөрөхгүй байгаа. Өнөөдөр хууль сайн л байна шүү дээ. Ийм сайн байхад яагаад төрийн үйлчилгээ яагаад сайн биш, доголдолтой, ард түмэн гомдолтой байгаа юм. Хуульдаа гол нь биш байхгүй юу. Ганц хууль хийгээд өөрчилчихье гэвэл хуульдаа "Бүх ард түмэн өөрчлөгдтүгэй, өөрчлөгдөөгүй хүнийг шийтгэсүгэй" гээд зааж болно л доо. Хэрэгжихгүй шүү дээ. Юуны тулд, яах гэж өөрчлөгдөх гэж байгаагаа тодорхой, уран сайхан гаргаж, хүмүүсийн итгэлийг төрүүлэхгүй бол шинэчлэл явахгүй. Муу хуультай ч байсан хүмүүс зарчмаа ойлгоод, ухаарчихвал сайн л хэрэгжинэ. Тамхины хяналтын тухай хууль сайн болоогүй ч хүмүүс зорилгыг нь ойлгосон учраас сайн биелүүлж байгаа шүү дээ.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү, өмгөөлөгч Х.Бат-Ялалт нарын хүмүүс Х.Тэмүүжин сайдыг огцруулах үндэслэл гаргаж ирсэн. Үндэслэлийг нь харахад Хууль зүйн сайдыг огцруулах хэмжээний шалтгаан мөн байсан уу?

-Бараг байхгүй дээ. Эмнэлгийн асуудлыг л гэхэд УИХ, Засгийн газар хэлэлцэж шийдсэн. Хэрвээ энэ шийдвэр буруу байсан бол кабинетаараа хариуцлага хүлээнэ. Ажлын чадваргүй гэж залуу хүн бүрийг л хэлдэг. Хөгшин хүнийг муулахдаа хоцрогдсон гэдэг шиг. Энэ бол "панаалтай". Бусад гэр бүлийн холбогдолтой, шүүхээр эцэслээгүй асуудлыг ярих ч буруу. УИХ дээр ч ярих буруу. Хэрвээ үнэхээр буруутай бол асуудлыг прокурор оруулаг. О.Баасанхүү ямар Х.Тэмүүжингийн зөв, бурууг тогтоодог прокурор, цагдаа юм уу. Гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нь УИХ шийдэхгүй шүү дээ.

-Х.Тэмүүжинг Америкийн тагнуул гэж бас ярьсан. Викилиакс руу, Жулиан Ассанж руу захидал бичсэн гээд л.

-Америк руу захидал бичсэн бол эх орноосоо урвасан аймаар том гэмт хэрэг биз дээ. Үүнийг хэвлэлээр гаргаад, нэг гишүүн өргөн барьдаг биш Тагнуулын ерөнхий газар, прокурортой нийлж тогтоогоод УИХ-д өргөн барьдаг асуудал биш юм уу, хуулиараа. Үнэхээр үнэн л юм бол, хэн ч байсан тэр байгууллага нь тогтоогоод гаргаад ирэх байсан. Хийхгүй л байгаа биз дээ.

-Улс төрд сонгууль, тогтворгүй байдал үүсэх үед цагдаа, авлига, прокурорын байгууллагууд мэдээлэл хийгээд эхэлдэг. Мөрдөн байцаалтын нууц гээд халгаадаггүй хэргүүдээ яриад эхэлнэ. Сая ч гэсэн Хууль зүйн сайдын асуудлыг хэлэлцэхийн өмнө УМБГ-аас мэдээлэлхийсэн. Үүнд та ямар үнэлэлт, дүгнэлттэй явдаг вэ?

-Яг ярих юм бол УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдгийг аль дээр нэг эмэгтэй хөөцөлдсөөр байгаад хамгаалалтыг нь болиулчихсан шүү дээ. Цагдаад нотлох баримт байгаа бол захиргааны хувьд Хууль зүйн яамнаас хараат болохоос биш эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож байхдаа прокурорт мэдэгдээд, Ерөнхий прокурор нь УИХ-д авчирч өгөх ёстой байхгүй юу. Өнөөдрийн хуулиараа мөрдөн байцаагчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хэнбугай ч саад болохгүй. Тэрийг задалж байгаа хэмжээний юмтай байгаад ингэж байгаа бол тэр процессоороо яв. Битгий улстөржүүлээд, худлаа хэрүүл тариад бай. Улс төр, гэмт хэрэг хоёр чинь тусдаа. Гэмт хэрэг илрүүлсэн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулиараа явах хэрэгтэй гэж хэлмээр байна. Тэгэхгүй цагдаа гэдэг улс төрийн нам гарч ирчихээд АН-тай үзээд байгаа юм шиг тэнэг байдал руу орж болохгүй. Тэрэнд нь бүр УИХ орж болохгүй гэсэн байр суурьтай байна, би. Асуудал байгаа бол юунд нь хэвлэлээр зарлаж улс төр хийгээд байгаа юм. Шалгадаг журмаараа тогтоогоод УИХ-д нь өг. Гэхдээ энэ байдал хэдэн жилийн дараа алга болно гэж би итгэдэг. Хэзээ хэнийх нь материалыг нууц гэж дарчихаад хэнийх нь материалыг дэлгээд байгаа юм. Энэ бүхнийгээ тодорхой болгох хэрэгтэй шүү дээ. Улс төрийн хувьд үхдэл болгоё гэсэн хүнийхээ материалыг тоох ч үгүй ил гаргаад хаячихдаг. Улс төрд ингэж оролцоод байгаа цагдаа нар зөндөө байгаа. Үүнтэй ямар нэгэн байдлаар тооцоо хийх хэрэгтэй. Яахаараа цагдаа нар улс төрд хутгалдчихдаг юм. Яагаад, сайдыг огцруулах, УИХ, намын энэ асуудал дээр дөрөөлж тоглож байх ёстой юм. Цагдаа цагдаагийнхаа ажлыг хийх ёстой. Ард түмнийг хамгаалж, гэмт хэргийг илрүүлж байх хүмүүс  шүү дээ. Тарьсан балгаар нь улстөрчид хэрэлдэж байгаа болохоос нэг ч цагдаа, прокурор хариуцлага хүлээж байгаагүй. Би сүүлийн үед энэ дээр эгдүүцээд байгаа. Манай намынханд ч энэ асуудал тохиолдсон. УИХ- ын гишүүн З.Баянсэлэнгэ, дэд сайд Б.Тулга нарыг ямар ч буруугүй байхад нь 14 хоног шоронд хийчихсэн. Цагдаа энэ улстөржсөн байдлаасаа гарах цаг болсон. Цагдаа доторхи улс төрийн гар хөлүүдийг хугалах цаг нь болсон. Ийм учраас би Х.Тэмүүжин сайдыг үхтлээ хамгаалъя гэж бодож байгаа. О.Баасанхүү өргөн барьсан байна уу хамаагүй. Х.Тэмүүжин байхгүй бол дараа нь хэн шинэчлэх юм.

-Хэрвээ таныг Хууль зүйн сайд бол гэвэл болох уу?

-Би бол арай болоогүй байна л гэж хэлнэ. Дэд сайдад болж байгаа болохоор албан тушаалаа хүндлээд байна.

-Сүүлийн асуулт. Танай намын дарга Н.Энхбаярын биеийн байдал ямар байгаа вэ. Очиж уулзсан уу. Хэзээ Монголд ирэх вэ. Чих тавьжбайгаа биз дээ?

-Би явснаас нь хойш уулзаагүй. Дэд сайд болсноосоо хойш нэг ч удаа гадагшаа явсангүй. Эрээний хилийн дээс ч алхаагүй хүн яаж Солонгост очиж даргатай уулзах вэ. Авлигатай тэмцэх газрынхан намайг хилээр гарахыг хориглож, таслан сэргийлэх арга хэмжээ авчихсан юм.

Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж