УИХ-ын гишүүн О.Содбилэг тойрогтоо ажиллаж байна. Тодруулбал, Түүний санаачилгаар манай аймагт 11-р анги төгсөж байгаа сурагчдад зориулан “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?” сургалт 2 хоногийн турш явагдах юм. Энэхүү сургалтыг УИХ-ын гишүүн О.Содбилэг болон Монголын менежмент консалтинг компанийн захирал, доктор Д.Гомбо, Удирдлагын академийн багш, докторант М.Баянмөнх нар удирдан явуулж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Содбилэг 11-р ангийн сурагчдад Өсвөр үе, залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын тухай мэдээлэл өгсөн бол доктор Д.Гомбо сонирхол, чадвараа тодорхойлж мэргэжлээ сонгох талаар сонирхолтой хичээл орсон. Харин докторант М.Баянмөнх өөртөө тохирсон мэргэжил сонгох 8 алхам, мэргэжлээ сонгоход гардаг алдаа түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаарх мэдлэг олгосон. Дээрх сургалтад манай аймгийн ЕБС-ийн 11-р ангийн бүх сурагч буюу 1500 орчим хүүхэд хамрагдна. Сургалт маргааш буюу энэ сарын 07-ий өдрийг хүртэл үргэлжилнэ.
Өнөөдрийн сургалтыг зохион байгуулагчдын хэлж буйгаар мэргэжил сонголт гэдэг нь бие даасан шинжлэх ухаан бөгөөд үндэс нь 20-р зуунд тавигджээ. Харин манай улсын хувьд мэргэжил сонголтыг онол, судалгаанд үндэслэж хийдэггүй. Жишээлбэл, манай улсад шинээр их дээд сургууль элсэгчдын ихэнх хувь нь 70-80 мэргэжлээр сонголт хийдэг. Тиймээс мэргэжлээ сонгох гэж буй хүүхдүүдэд энгийн аргаар онолын мэдлэг өгөх нь чухал гэдгийг онцоллоо. Үүний хүрээнд өнгөрсөн онд Удирдлагын академи, Монголын менежмент консалтинг компанитай хамтран судалгааны ажил хийсэнийгээ ном болгон хэвэлсэн байна. Дээрх номыг сургалтад хамрагдсан сурагчдад тараасан юм. “Мэргэжлээ зөв сонгох нь” номыг 45 салбарын эрдэмтэн, судлаачид боловсруулжээ.
Б.ГАНБЯМБА
Эх сурвалж: /www.erdenetinfo.mn