АНУ-ын сагсан бөмбөгийн NBA-гийн плей-оффын хоёрдугаар шатны эхний тоглолтод “Майами Хит”, “Сан Антонио Сперс” багууд хожлоо. Өнөөдрийн тоглолтод өнгөрсөн жилийн аварга “Майами Хит” талбайдаа “Бруклин Нэтс” багийг хүлээн авч, 107:86 онооны харьцаатай хожсон юм.
Өнөөдөр “Майами Хит” багаас ЛеБрон Жэймс 22 оноо авч багаа тэргүүлсэн байна. Мөн Крис Бош 15 оноо, 11 удаа самбараас бөмбөг авалт, Дуэйн Уэйд 14 оноо, сэлгээнээс Рэй Аллен 19 оноо авч, багаа хожилд хөтөлсөн байна.
Харин “Бруклин Нэтс” багаас Жое Жонсон, Дерон Уиллиамс нар тус тус 17 оноо авсан. Энэ тоглолтод Пол Пирс, Кевин Гарнетт нар тун хангалтгүй тоглосон нь хожигдох шалтгаан болсон байна. Өнөөдөр Пол Пирс найман оноо авсан бол Кевин Гарнетт талбайд 16 минут тоглохдоо оноо аваагүй байна.
Энэ тоглолттой зэрэгцэн “Сан Антонио Сперс” талбайдаа “Портланд Трэйл Блейзерс”-ийг хүлээн авч, 116:92 онооны харьцаатай хожлоо. Энэ тоглолтод “Сан Антонио Сперс” багийн холбон тоглогч Тони Паркер 33 оноо авч, есөн оновчтой дамжуулалт өгснөөр багаа тэргүүлсэн. Мөн Кавай Леонард 16 оноо, Тим Данкэн 12 оноо, сэлгээнээс Италийн легионер Марко Белинелли 19 оноо авснаар өрсөлдөгч “Портланд” багийг тун хялбархан буулган авлаа. Харин “Портланд” багаас Ламаркус Алдриж 32 оноо, Дамиен Лиллард 17 оноо авсан юм. “Портланд” багаас Николас Батум ердөө долоо авсан нь хожигдоход нөлөөллөө.
2014 оны NBA-гийн плей-оффын хоёрдугаар шат тавдугаар сарын 6-нд эхэлсэн. Өчигдөр “Лос Анжелес Клипперс” баг “Оклахома Сити Тандер”-ыг, “Вашингтон Уизардс” баг “Индиана Пэйсерс”-ийг тус тус хожсон билээ.
Б.БИЛЭГ