“Оны тэргүүний багш”-ын шалгаруулалтад нийт 9 аймгаас 9 материал иржээ. Одоо нэгдүгээр шатны шалгаруулалт дуусч хоёрдугаар шатны шалгаруулалт үргэлжилж байна.
Энэ ажлын хүрээнд БМДИ-ээс таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл ЕБС-ийн Биологийн багш С.Ундрахгэрэлийн ажилтай газар дээр нь очиж танилцсан юм. Энэ үеэр С.Ундрахгэрэл багштай ярилцлаа.
-Багш хүн ээж ааваас ч илүү хүүхдүүдтэй ойрхон байж тэдний зүрх сэтгэлийг сонсож чаддаг гэж олон хүн хэлдэг. Тиймдээ хүүхдүүдэд багш хүний үлгэр дуурайлал, тэдний үг хамгаас үнэ цэнтэй байдаг гэж боддог. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Сурагчид, залуу үе, шинэ техник технологиос хоцролгүй, шинэ ном, сэтгүүл авч унших дуртай. Мэргэжилтэйгээ холбоотой шинээр гарсан номоос ер хоцрохгүй ангидаа аваад тавьчихдаг. Хааяа засарлагаанаар харна. Харин сурагчид маань багш ямар гоё ном авсан юм бэ? гээд дууриагаад, нөгөө номыг сонирхон уншдаг. Мөн мэргэжилийн багш нарын дунд зохиогддог олимпиад уралдаанд дээгүүр байрт орох нь багш хүний сурагчдадаа үзүүлж байгаа үлгэр дууриалал гэж боддог. Миний аливааг сурах мэдэх чин хүсэл, тасралтгүй хөгжих гэж хичээж буй зүтгэл ч гэсэн сурагчдад маань үлгэр дууриалал болдог байх гэдэгт итгэлтэй байна.
Би “Хөдөлмөрлөж чадвал заавал амжилтанд хүрдэг” гэдгийг хүүхдүүддээ ойлгуулахыг хичээдэг. Тиймдээ ч аль болох хоцрогдож байгаа хүүхдийг сонгож, давтлага өгч байгаад заавал амжилтанд хүргэхийг хичээдэг. Амжилттай байгаа найзыгаа хараад өөртөө итгэлгүй байсан нэг нь өөртөө итгэж, илүү чармайж хичээнэ. Нэг үгээр би сурагчдадаа сурах арга барил төлөвшүүлэхэд нь тусалдаг гэхүү дээ. Харин сурах аргатай болсон хүүхэд цаашид өөрийгөө хөгжүүлээд мэдлэгээ улам баяжуулж чаддаг гэж боддог.
-Багш гэдэг энэ ажлын хамгийн сайхан нь юу вэ?
-Би өөрийгөө хүүхдүүдгүйгээр төсөөлж чадахгүй. Зуны амралт надад урт санагддаг. Хурдхан л сургууль ороосой гэж боддог. Хүүхдүүдтэйгээ бужигнаад тэдэнтэйгээ зэрэгцээд сураад явна гэдэг хамгийн их аз жаргал. Багш хүн хүүхдүүдийн орчинд байгаа бол хүүхэд шиг л байх ёстой, яг л тэдэн шиг сэтгэх хэрэгтэй. Аливаа зүйл тохиолдоход заавал би хүүхэд байхдаа яаж байлаа, миний хүүхэд байсан бол яах байсан гэж боддог. Тэгж байж л багш хүн хүүхдүүдтэй илүү ойр байж, ойлгож чадна.
Энэ сургуульд ажиллаж эхэлсэн түүх их сонин. Анх намайг ажилд ороход миний мэргэжлийн орон тоо байгаагүй. Тиймээс жирэмснийхээ амралтаа авсан Математик, Физик, Монгол хэлний багш нарын оронд шалгалт өгөөд гурван жил ажилласан. Гол нь надад багшлах чин хүсэл байсан. Тэгээд гурван жил өөр багшийн оронд ажиллаж байгаад би өөрөө жирэмсний амралт авах болсон. Амралтаа аваад гэртээ байтал, сургуулиас дуудаад “Заах аргач” зэрэг олгосон. Дөнгөж сургуулиа төгсөөд гуравхан жил ажилласан намайг хамт олон минь үнэлсэнд үнэхээр сайхан санагдсан. Тиймээс тэр үйл явдал миний зүрх сэтгэлд тодоос тод сайхан дурсамж үлдээсэн.
-Төгсөөд явсан шавь нартайгаа хэр холбоотой байдаг вэ?
-Ер нь бараг л бүгдтэй нь холбоотой байдаг даа. Саяхан нэг шавь маань ярьж байсан.“Багшаа би үлгэр домог шиг амьдарч байна. Ингэж сайхан амьдарч байгаа тантай холбоотой шүү” гэж байсан.
Тэр охин дунд сургуульд байхдаа өөртөө итгэлгүй, даруухан охин байсан. Группт байдаг ээжтэйгээ хамт амьдардаг байсан юм. Харин хичээлдээ жаахан тааруу ч гэсэн хачин гоё бүжиглэдэг. Тэр үед би “Хүн бусадтай зөв сайхан харьцаатай, зөв сэтгэлтэй байхад аяндаа л сайхан амьдрал ирнэ шүү” гэж хэлдэг байсан юм. Сайхан бүжиглэдэг юм чинь баар, энэ тэрт бүжиглээд буруу зам руу орчих вий л гэж аминдаа сэрэмжлүүлж байгаа нь тэр. Харин одоо санаа зовж явсан шавь минь хэнээс дутуугүй сайхан амьдарч яваа. Энэ мэтчилэн олон олон шавь нартай минь холбоотой түүх, миний амьдралаар дүүрэн байна даа.