Хот хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2014.05.06-нд нийтлэгдсэн

Хот хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэв

Оршин суугчдын 80 хувь зөвшөөрвөл тухайн газрыг төлөвлөлтөд оруулна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Гэр хороололд амьдарч байгаа иргэдийн асуудал энд яригдаж байгаа. Иргэдийн 25 хувь нь юунаас болоод газраа чөлөөлөхгүй байна вэ гэдгийг ярих хэрэгтэй. Өнөөдөр нэг хашаанд гурван айл амьдарч байгаа тохиолдол бишгүй бий. Иймээс нийтийн эрх ашгийг бус өөрийн эрх ашгийг хамгаалж газраа чөлөөлж өгөхгүй байгаа асуудлыг бид ярих ёстой. Газрыг нь шууд албадан аваад төрийн хязгаарлалтуудыг хийгээд явбал тэнд амьдарч байгаа иргэдийн эрх ашиг хөндөгдөнө” гэлээ.

Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаагийн тайлбараар бол хуулийн төсөл шинэ биш. Нийслэлээс 2013 онд гаргасан журмаар тухайн байршилд байгаа нийт хүн амын 75 хувь нь зөвшөөрсөн тохиолдолд уг газрыг дахин төлөвлөлтөд оруулна гэж журамласан. Төсөл 21 байршил дээр амжилттай хэрэгжээд явж байгаа. Хуулийн төслийг боловсруулах явцад “ЖАЙКА”-тай хамтарч таван удаа олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийтлэг эрх ашиг, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл байдлыг харгалзан үзэж иргэдийн 80 хувь нь зөвшөөрсөн тохиолдолд тухайн газрыг дахин төлөвлөлтөд оруулж болох юм гэсэн заалтыг хуулийн төсөлд оруулсан . Хуулийн төслийн хязгаарлалтын 7 дугаар бүлэгт шууд хязгаарлалт өгч байгаа юм биш. 20 хоногийн дотор иргэдтэй тохиролцоонд хүрэх, мөн үнэлгээний зүйлүүдийг тодорхой тусгаж өгсөн. Үүнтэй уялдаад Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Мөн нэг айлын хашаанд гурав дөрвөн айл буусан тохиолдол амьдрал дээр олон. Уг хашаа хэний нэр дээр байдаг вэ гэдгийг тодорхойлж албан ёсны өмчлөгчтэй ярилцаж байж асуудлыг шийднэ. Мөн гурван талт гэрээ хийхээр хуулийн төсөлд тусгасан. Газрын үнэ хөлсний асуудлыг ярихад ярвигтай. Улаанбаатар хотын газрыг байршлаас нь хамааруулан бүсчилж эрх бүхий байгууллагаас тодорхой тариф тогтоосон байдаг. Газрын үнийг харилцан тохиролцож шийднэ гэвэл үнэ хөөрөгдөлт маш их байгаа тул зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа гэв. Үүний дараа хуулийн төслийн 26 дугаар зүйлийг дэмжих нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн олонхи дэмжсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж