Хяналтын тухай хуулийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2014.05.06-нд нийтлэгдсэн

Хяналтын тухай хуулийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлэг, Хяналтын тухай хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нарын гишүүд өргөн мэдүүлсэн юм. Энэхүү төсөлд агаарын бохирдлын асуудалд бүх яамд анхаарал тавьж, тодорхой үйл ажиллагаа явуулдаг байхыг тусгажээ. Өөрөөр хэлбэл, бүх яамдын чиг үүрэгт нь  агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлж, түүнийгээ эргэн тайлагнадаг байхаар хуулийн төсөлд тусгасан байна. Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй учраас төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал хурааж, гишүүдийн олонхи дэмжсэн юм. Ингээд хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Тус байнгын хорооны дараагийн хэлэлцсэн асуудал нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хяналтын тухай хууль байв. Энэ хуулийг өмнө нь УИХ-д өргөн барьсан ч хуулийн төслийг илүү сайжруулах шаардлагатай хэмээн Засгийн газарт буцаасан билээ. Хяналтын тухай хуулиар иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх нийтлэг зарчим, үндэслэл, шалгалт хийх журам, шалгуулагч этгээдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Хуулийн төслийг боловсруулахад дагалдаж  83 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай учраас холбогдох хуулийн төслүүдийг боловсруулан өргөн мэдүүлсэн байна. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг байнгын хорооны гишүүдийн олонхи өнөөдөр дэмжлээ. Гэвч энэ хуулийг хэлэлцүүлгийн шатанд сайн багаас бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллан, судлах, засч, өөрчлөх шаардлагатай олон зүйл байгааг гишүүд шүүмжилсэн юм. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэний дараа хуулийн төслийг судлах ажлын хэсэг байгуулж ажиллах ёстой гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд онцлов.  

Үүгээр Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж