Фото: РИА Новости. Рамиль Ситдиков
Төслийн эхнээс яригдаж байгаад Еврокомиссийн шаардлагын дагуу хойшлогдсон “Өмнөд урсгал”-ыг Австрийн нутгаар дамжуулах санаагаа хэрэгжүүлэх шийдвэрийг "Газпром" гаргажээ.
"Газпром" компанийн захиргааны дарга Алексей Миллер, Австрийн OMV компанийн ерөнхий захирал Герхард Ройсс нар “Өмнөд урсгал” хийн хоолойг Австрийн нутгаар дамжуулах төслийг хэрэгжүүлэх тунхаглалд саяхан гарын үсэг зурсан байна.
“Өмнөд урсгал” хийн хоолойн салаа жилдээ 32 тэрбум шоо метр хийг дамжуулах чадвартай, Баумгартен хот хүрэх хийн хоолойн Австрийн хэсгийг барих юм. Хий дамжуулах хоолой нь Хар тэнгисийн Болгарын эргээс Серби, Унгараар дамжин Австри хүрэх ажээ.
Төслийн дэмжлэг ба сүлжээний зангилаа
“Өмнөд урсгал” хийн хоолойг дамжуулах төслийн хэрэгжүүлэлтийг дэмжсэн Австрийн Эдийн засгийн сайд Райнхольд Миттерленерийн захидлыг Герхард Ройсс Миллерт дамжуулсан тухай “Газпром” хэвлэлийн мэдээндээ өгүүлсэн байна. Бүтээн босголтын бүхий л шаардлагатай зөвшөөрлийг 2015 он гэхэд авна гэж тэд төлөвлөжээ. Хийн эхний нүүлэлт 2017 онд хийгдэх бөгөөд Австрийн хэсэг 2018 он гэхэд бүрэн хүчин чадлаар ажиллах боломжтой болох аж.
Үүний зэрэгцээ тунхаг бичигт Төв Европын байгалийн хийн хабад (Сүлжээний зангилаа), (CEGH, Central European Gas Hub) “Газпром” оролцож, OMV компанийн Австрийн агуулахуудад хийн тодорхой тооны нөөц өгөх талаар дурьджээ. Европын төвд байдаг, хийн тохиромжтой тараах хаб болсон Баумгартенд хийг хүргэх тухайд "Газпром" чамгүй урт хугацаанд зүтгэл гаргаж ирсэн юм.
Өрсөлдөгч Nabucco
Австри 2010 онд Оростой Засгийн газар хоорондын гэрээг "Газпром" болон Австрийн OMV хамтарсан үйлдвэрийг тэнцүү нөхцөлөөр тус тус байгуулсан байв. Ингэхдээ Унгарын хилээс 40 км-ийн хийн хоолойг татахаар болсон юм. OMV компанийн мэдлийн хийн CEGH хабын 50 хувийг авахаар "Газпром" гэрээ байгуулсан байлаа. Гэтэл 2011 онд Еврокомисс хүлээж авах аргагүй захирах нөхцөл тавьсан хэмээ тэд үзэж, наймаагаа хойшлуулсан юм. Үүний дараа Италийн Тарвизио хүртэл уг хоолойг Словенийн нутгаар тавихаар ярилцаж байв.
Брюсселийн татгалзсан шалтгааны нэг нь Nabucco хийн хоолойн хувь заяаны асуудал байсан болов уу. Оросыг тойрсон Nabucco хийн хоолойгоор Каспийн хий Баумгартенд хүрэх байлаа. Уг төсөлд оролцсон OMV шаардлагатай хийгээ Туркмен, Азербайжанаас авч чадаагүй учир төсөл битүүмжлэгдээд байгаа аж.
Сануулахад, “Өмнөд урсгалын” бүтээн байгуулалт 2012 оны арванхоёрдугаар сарын 7-нд Оросын Анапа боомтоос эхэлжээ. Жилийн хүчин чадал нь тус бүртээ 15,75 тэрбум шоо метр болох дөрвөн салааг босгохоор төлөвлөсөн байна. Энэ хоолойгоор 2016 оны нэгдүгээр улиралд Европт арилжааны хий нийлүүлэхээр төлөвлөсөн байгаа. Түүний хүчин чадлыг 2018 он гэхэд 63 тэрбум шоо метрийн хэмжээнд хүргэх тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР