Украины Одесса мужийн зөвлөлийн депутат мэдэгдэхдээ, “Эрх баригчид хэт даврагчдын Үйлдвэрчний ордонд галдан шатаасан хэрэг явдлын улмаас 116 хүн амь үрэгдсэн” гэжээ. Майданы эсрэг талынхныг “Баруун сектор”-ын хэт даврагч радикалууд Үйлдвэрчний эвлэлийн байранд хөөж оруулахад шатах бодистой шилээр шидлэн шатаасан хэрэг баасан гаригт гарсан юм. Украины Дотоод хэргийн яамны мэдээлснээр энэ үеэр 40 гаруй хүн үрэгдэж, 214 хүн шархадсан байна. Прокурорын газраас 46 хүн амь үрэгдсэн гэх мэдээллийг одоогоор өгөөд байна.
"Бидний мэдэж байгаагаар, Одесса дахь Үйлдвэрчний эвлэлийн ордонд 116 хүн алагдсан. Олон хүн толгойдоо гэмтэл авч, нас барсан ч задлан шинжилгээ хийхгүй байна” гэж мужийн зөвлөлийн депутат Вадим Савенко мэдэгджээ.
“Хүмүүсийн толгой, мөр түлэгдсэн байсан. Тэднийг танигдуулахгүйн тулд шатах бодис цацаж, шатаасан” гэж тэр мөн нэмж хэлжээ. Уг мэдээллийг Үйлдвэрчний эвлэлийн ордонд байсан хүнээс авсан гэдгийг депутат онцолсон байв. Дэлхийн олон нийтийн өмнө Одессад Оросын талыг баригчдын эсрэг залхаан цээрлүүлэх ажиллагаа явагдсаны цар хүрээг нуухын тулд эрх баригчид эмгэнэлт үйл явдлын мэдээллийг сулруулж байна гэж тэр үзэж байгаа аж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР