Одоогоос дөрвөн жилийн өмнө Эгийн голын усан цахилгаан станц байгуулах тухай Бадарчийн Эрдэнэбат гэгч бизнесмэн, улстөрч, намын дарга, инженер гээд олон гуншинтай нөхөр яг ингэж магтан дуулж байгаад гэнэт таг болж билээ. Харин энэ удаа яагаад “Могойн гол”-д ингэтлээ итгэл үзүүлэх болов. Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргадаг болохоор тэр үү, эсвэл сонгуулийн амлалтад баруун бүсийн эрчим хүчний асуудал түлхүү орсон болохоор тэр үү? Нөгөөтэйгүүр дээрх пологтсон магтаалаас Тавантолгойн дуулианы сиймхийгээр шургуулчих гээд яаравчлаад байгаа юм биш биз гэсэн хардлага төрж буйг нуух юун.
“Могойн гол”-ын нүүрсний уурхай 1972 онд байгуулагдсан боловч социализмын үеийн, улсын хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоосон ордуудын сүүлийг мушгисан гэлцдэг юм билээ. Уул геологийн нөхцөлийн хувьд нүүрсний тархац янз бүр байдаг. “Могойн гол”-ын нүүрсний тогтцыг уулын доогуур шурган орсон гэж тодорхойлдог юм байна. Нүүрсний чанар нь сайн. Уг ордын нүүрсний гол хэрэглэгч нь сүүлийн 40 жилд зөвхөн Завханыхан байсан гэнэ. Завханд нүүрсний уурхай байхгүй. Тиймээс хэдийгээр “Могойн гол”-ын орд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд байдаг ч Хөвсгөлийнхөн нүүрсний үнэр муухай хэмээн хөрөө тачигнуулж хөвчийн модоо тайрч түлээд сурчихсан улс ажээ. Ерөөсөө XX зууны сүүлийн 50 жилээс XXI зууны эхний арван жилд нүүрстэй ижил хэмжээний илчлэг бүхий хар модоо түлшинд хэрэглэж байгаа нь харамсалтай. Энэ тухай Хөвсгөлийн уугуул, Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ц.Оюунгэрэл нэгэнтээ хэлж байсан даа. “Ой модтой аймгуудын байгалиа хамгаалах сэтгэлгээ үлэмж доогуур байдаг. Манай аймагт халаагаад байх олон барилга байхгүй. Бүх сумыг төвлөрсөн халаалтад шилжүүлснээр төсвийн дарамт нэмэгдэх учир сонгуулийн үеийн энэ амлалтаасаа татгалзаач ээ” гэж УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд хэвлэлээр үг дайж байсан удаатай.
Говь-Алтай, Завхан аймгийг цахилгаанаар хангахын тулд л “Могойн гол”-ын уурхайд түшиглэсэн цахилгаан станц барих аж. Тус уурхайн нүүрсийг чанараараа Тавантолгойн нүүрсээс дутахгүй гэж ярьж байгаа. Энэ талаар учир мэдэх инженер, мэргэжилтнүүдээс асуулаа. Үнэхээр тослогтой, чанартай нүүрстэй гэнэ. 7000 ккал-тай нүүрсийг чулуун нүүрс, 5000 ккалориос доош хэмжээний илчлэгтэй бол хүрэн нүүрс гэдэг аж. “Могойн гол”-ын нүүр 7500 ккал илчлэгтэй гэсэн. Нүүрсээ экспортлохын тухайд бол ОХУ-ын хилд ойр. Пиарчдын яриад байгаачлан үнэхээр эрчим хүчний дарамт, түүнд зарцуулдаг төсвийн хөрөнгийг хэмнэх гэж байгаа бол Хятадаас хөрөнгө гаргуулж ДЦС байгуулах шиг зөв гарц үгүй. Харин харилцан ашигтайгаар шийдэхэд онцгой анхаарах хэрэгтэй гэж анхааруулж байна. Нөгөөтэйгүүр салбарын мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар “Манай улсад БНХАУ-аас цахилгаан эрчим хүч авах шугам байхгүй. Ийм шугам бий болгохын тулд Нялах Чойрын хүрэн нүүрсний орд дээр Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг байгуулсан. Чанарын хувьд Багануурын нүүрстэй ойролцоо. Тэгэхээр ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг тус улсаас өндөр үнээр эрчим хүч авах гэж байгаа тухай мэдээлэлд бид итгэхгүй байна. Харин манайхаас Хятад руу нүүрс гаргахын тулд 500 мвт-ын хүчин чадалтай томоохон цахилгаан станц байгуулах тухай яриа бий. Энэ бол аль аль талдаа ашигтай. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд нь манай улсад айлчлахдаа ч энэ талаар ярьж байсан. Мөн тэдний талаас манай зарим инженерт БНХАУ-д очиж зөвлөгөө өгөхийг хүссэн ч тухайн инженер татгалзсан хариу өгсөн” гэсэн мэдээлэл олдсон юм. Тэд нэгэн дуугаар нэг л зүйлийг онцгой анхааруулсан нь “Техник эдийн засгийн үндэслэл хийлгүйгээр нөөцийн тухай дур мэдэн ярих нь мэргэжлийн хувьд бүдүүлэг алдаа. Аливаа нүүрсний уурхайн нөөцийг A, B, C, С1 группийн нарийвчилсан тооцоо хийх ёстой” гэсэн юм. “Могойн гол”-ын нүүрсний уурхайн нөөцийг 250 сая тонн гэж урьдчилсан байдлаар хэлж байгаа. Харин мөрөөдөж байгаачлан 6 мвт-ын чадалтай дулааны цахилгаан станц байгуулахын тулд дээд тал нь л жилд 150-200 мянган тонн нүүрс шатаах хэрэгтэй ажээ. Тиймээс Оюутолгой, Тавантолгойтой зэрэгцэн бас нэгэн үнэ цэнэтэй ордоо ТЭЗҮ-гүйгээр элдвийн гэрээ байгуулчих вий гэсэн болгоомжлол төрснийг нуух юун.
“Могойн гол”-ын уурхайн даргаар сүүлийн 10 гаруй жилд Батдэлгэр гэдэг хүн ажиллаж байгаа аж. Уг нь Увсын Хяргасынх, мөн Өвөрхангайн Баянтээгийн уурхайн даргаар ажиллаж байсан мэргэжил нэгтнүүдийнхээ дунд нэр хүндтэй нэгэн байх юм. Түүний өмнө Баттогтох гэж АН-ын хүн байж. Урьд нь Шарын голын уурхайд будилаан тарьж байсан нэгэн гээд салбарынхан нь төдийлөн үнэлдэггүй бололтой. Харин одоо Дулааны цахилгаан станц барихтай холбоотойгоор нүүрсний уурхайд ч хөдөлгөөн орохыг үгүйсгэхгүй. Учир нь улстөрчдийн нүдний хор гүйсэн газарт мэргэжлийн хүмүүс тогтож ажиллахад амаргүй байдаг шүү дээ.
Үргэлжлэл бий
У.Оргилмаа.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм "сонин