“Шинэчилж шийдье” уламжлалт уулзалтыг өнөөдөр Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа. Уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл, Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нар болон дээрх яамдын хэлтэс, албадын дарга нар оролцож, импортыг орлож, экспортыг дэмжих 1151 төслөөс шалгарсан 888 төслийн эзэд болох үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзсан юм. Уулзалтын эхэнд Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат Чингис бондын зарцуулалт хийгээд үйлдвэрлэлийг дэмжих төслийн санхүүжилт хүрэлцээтэй эсэх талаарх мэдээллийг өглөө. Олон нийтийн дунд Засгийн газар огт мөнгөгүй болсон, Чингис бондын мөнгө зөрцуулагдаад дууссан гэх ташаа ойлголт түгээмэл байгаа учраас ийн мэдээлж байгааг онцолж тэрээр байлаа.
Өнөөдрийн байдлаар Чингис бондын үлдэгдэл 1 их наяд 267 тэрбум 200 сая төгрөг бий. Үүнээс 394 тэрбум төгрөгийг импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх төсөлд зарцуулах юм байна. Мөн Голомт банкаар дамжуулан ҮХААЯ-нд хэрэгжиж буй хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хуваарилсан 269 тэрбум төгрөгөөс 181 тэрбум нь санхүүжилтгүй хүлээгдэж байгаа юм. Үүнийг 888 төсөлд шилжүүлэх боломжтой аж. Түүнчлэн одоогийн байдлаар Самурай бондын 24,3 тэрбум иентэй тэнцэх хэмжээний эх үүсвэр байгаа гэнэ. Энэ бүхнийг шалгарсан 888 төслийг санхүүжүүлэхэд хангалттай хүрэлцэнэ гэж Хөгжлийн банкны захирал мэдээлэв. Харин хэрхэн шалгаруулж, санхүүжүлэх вэ гэдэг нь үйлдвэрлэлийн төсөл боловсруулсан үйлдвэрлэгч нарт хамгаас сонирхолтой байсан юм. Эхний ээлжинд импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 888 төслөө үндсэн таван бүлэгт хуваан ангилж буй гэнэ. Үүнд:
-Нийт төслийн өртгийнхөө 1/3-ийг зээлэх хүсэлтэй, 2/3-ийг нь бие даан санхүүжүүлэх боломжтой төсөл
-1/3-ээс илүү хэмжээний зээл хүссэн төсөл
-Барьцаа хөрөнгө нь дутмаг төсөл
-Тооцоо судалгаа нь дутуу, дулимаг төсөл
-Огт хэрэгжих боломжгүй төсөл гэж ангилах ажээ.
Урьдчилсан судалгаанаас харахад ихэнх төслийн хувьд санхүүжилтийнхээ 1/3-ийг бие даан гаргаж, 2/3-ыг нь бондоос санхүүжүүлэх хүсэлтээ илэрхийлсэн байна. Түүнчлэн хоёр тэрбум төгрөгөөс бага хэмжээний санхүүжилттэй төсөл мөн олон байгаа гэнэ. Хамгийн бага санхүүжилт хүссэн төсөл нь 7,3 сая төгрөг бол хамгийн өндөр өртөгтэй нь 258 тэрбум төгрөг ажээ. Тиймээс нийт 888 төслөөс хоёр тэрбум төгрөг хүртэлх санхүүжилт бүхий 579 төслийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан /ЖДҮДС/ руу шилжүүлэх боломжтой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, дээрх төслүүдийг санхүүжилтийнх нь хамт ЖДҮДС руу шилжүүлнэ гэсэн үг ажээ. Мөн тооцоо судалгаагаа дутуу боловсруулсан төслийн эздэд дэмжлэг үзүүлж, МХАҮТ болон бусад гадаад, дотоодын санхүүгийн байгууллагаас дэмжлэг үзүүлэх талаар ярилцаж эхэлжээ. Төслийн дахин боловсруулалтын зардлыг төсөл санаачлагч хариуцах бөгөөд ингэж сайжруулсан төслүүдийн санхүүжилтийг бондын хөрөнгөөс олгоход эрсдэлгүй гэж үзэж буй юм байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банк, арилжааны 13 банктай санамж бичиг байгуулжээ. Тиймээс төсөл боловсруулагчид өөрсдийн хүссэн банкнаасаа санхүүжилт авах боломжтой болжээ. Импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх төслийн санхүүжилтийг монгол төгрөгөөр олгох бөгөөд хугацаа таван жил, зээлийн хүү ес хүртэлх хувь байх юм байна.
Эдгээр мэдээллийг сонссон үйлдвэрлэгчдийн зүгээс санал бодлоо илэрхийлж байлаа. Дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд түүхий эд, сав баглаа боодлоос эхлээд дагалдах олон зүйлсийг импортоор оруулж ирсээр байна. Түүхий эд оруулж ирэхэд гаалийн болон НӨАТ-ын татвар гэхчилэн нийтдээ 15 хувийн татвар төлж байгааг эргэн харах, барьцаа хөрөнгөгүй үйлдвэрлэгчдэд давуу байдал олгох боломжийн талаар лавлаж байлаа.
Сүүний нэгдсэн холбооны тэргүүлэх гишүүн Р.Цогтбуян:
-Өнгөрсөн жилүүдэд фермерүүд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар анхаарч ирснээс үл хөдөлхө хөрөнгө, зээлийн барьцаа бий болгоход анхаарч байсангүй. Тиймээс барьцаа хөрөнгөгүйн зовлонг байнга амсаж байна. Энэ удаагийн төсөлд ч ялгаагүй энэ л үзүүлэлт хойш чангааж байгаа. Тиймээс фермерийн аж ахуй эрхлэгчдийн үхэр, мал болон ирээдүйд нийлүүлэх сүү, сүүн бүтээгдэхүүнийг нь барьцаанд тооцож болох уу. Үгүйдээ л гадаадаас өндөр өртгөөр оруулж ирдэг үнээ малаа барьцаалдаг болмоор байна.
“Exclusive” ХХК-ийн захирал Г.Майцэцэг:
-Оёдлын салбарынхны хувьд ч тэр барьцаа хөрөнгийн асуудал хүндрэлтэй байдаг. 888 төсөл дунд нэг салбараас хэд хэдэн төсөл байгаа нь мэдээж. Тэдгээрийг хэрхэн шалгаруулах вэ. Шалгаруулалт нь олон нийтэд ил тод, толь мэт тунгалаг байж гэмээнэ элдэв хар буруу сэтгэгдэл төрөхгүй нь мэдээж. Тиймээс хэнийг хэрхэн шалгаруулж байгааг хэрхэн мэдэх вэ хэмээн асууж байлаа.
Үүний хариуд Ерөнхий сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нар шалгаруулалтыг ил тод байлгахад онцгой анхаарч буй гэлээ. Хөгжлийн банкны www.dbm.mn вэб сайтад ил тод тавьсан бөгөөд хойшдоо шалгаруулалтыг шударга явуулахад анхаарна гэдгээ амлав. Харин барьцаа хөрөнгийн тухайд тусгайлан анхаарч эргэж хариу өгөхөөр боллоо.
Импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх төслүүд дотор нэг салбар, нэг байршлын үйлдвэрлэлүүд олон байгаа ч тэднээс хамгийн шилдгийг нь сонгох гэнэ. Мөн зарим үйлдвэрлэгчдийн зүгээс Монгол Улс эрүүл, натурал хүнсний түшиц болоход илүүтэй анхаарах хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлж байлаа. Түүнээс хоцрогдсон технологийн цуглуулгыг санхүүжүүлэх учиргүй гэх хүн ч байлаа. Сонирхуулахад, 888 төсөл дунд гар утас үйлдвэрлэх дөрвөн төсөл багтсан гэнэ.
Д.ЦЭЭНЭ