Үүл баатрын үгэнд үнэн бий

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Үүл баатрын үгэнд үнэн бий

УИХ-ын гишүүн, Улсын баатар Э.Бат-Үүл ойрын үед ихээхэн бухимдалтай явах болжээ. “Хулгайчаар Тавантолгойгоо мануулах гээд байна” хэмээн хэвлэлд хэлсэн түүний ярианаас Тавантолгойн хишгийг Монголын иргэн бүр хүртэх ёстой гэсэн товч тодорхой нэгэн санаа л шууд уншигдаж байна. Ерөнхий сайд “Монголын 2.7 сая иргэн, 35 мянган аж ахуйн нэгж бүгд Тавантолгойгоос хувьцаа эзэмших боломжийг олгоно” хэмээн тунхагласан. Бачимдсан иргэдэд тайтгарал болохуйц энэ үг учир мэдэх хүмүүст “ээлжит мэхлэлт” болон сонсогдсон нь энэ. Бүр тодруулбал Тавантолгойн ордыг “манайх, хүнийх” гэж хоёр хуваагаад, өөрийн мэдлийнхээсээ дөнгөж 10 хувийг талхны үртэс адил цацах бололтой. Баялгийн тэгш хуваарилалтын талаар бараг төрсөн цагаасаа л тэрс бодолтой явж, түүнийхээ төлөө сүүлийн 20 гаруй жил тасралтгүй тэмцсэн баатрын сэтгэл гонсойжээ. 

Тавантолгойн ордыг ашиг­лах тухай Засгийн газрын хувилбарыг тэр эсэргүүцэж байгаагаа шууд хэллээ. Түүнд ийм эрх буй. Тэрбээр “Ард түмний өмчийн корпораци байгуулж, 2.8 сая иргэн эзэн нь юмаа мэддэгээ харуулж хяналтыг гартаа авах ёстой” гэсэн байр суурьтай байгаа юм байна. Тавантолгойн ордыг хоёр хуваагаад эхний хэсгээс 10 хувийг ард түмэнд өгсөн ч эрх мэдэлгүй, тийм хэмжээний хувьцаа эзэмших компани ч шийдвэр гаргах эрхгүй гэдэгт бухимдаад байгаа ажээ. Түүнтэй яг ижил, бүр үгсээд нийлүүлчихсэн юм шиг үгийг өдөр бүр шахам хэлж байгаа хэсэг бүлэг хүмүүс бий. Ёстой л баатрын хэлдгээр нам байгуулсан ч болохоор үзэл бодлоороо нэгдэж байгаа. Энэ бол “Монгол -999 үндэсний нэгдэл”-ийнхэн.  Тэгэхээр эх орноо, иргэн бүрээ гэсэн хүмүүс цөөнх болчихоод байгаа биз. “Ард түмний корпораци”-ийнхан Үндэсний зөвлөл, ТУЗ байгуулахад асар том амбицтай ч тэгш эрхтэйгээр оролцоно. Ингэсэн тохиолдолд юун ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрыг царайчлах! Ард түмэн шийдвэр гаргахын төлөө л 20 жил тэмцлээ шүү дээ.

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг хэвлэлд сэтгэлээ уудалж, үзэг цаас шүүрч авахаар эг­­дүүцдэг бүлэг бий. Голдуу  го­лын нөгөө эрэг дээр зогсоод Тавантолгойгоо харьд үдээд алчуураар даллахыг зүүдэлдэг хүмүүс гэж хэлж болно. “Тавантолгойгоо хулгайчаар мануулах гээд байна” гэж эрхэм гишүүн зүгээр ч нэг хэлээгүй бололтой. Тэрбээр яг хэн нэгнийг нэр цохоод хулгайч гэж нэрлээгүй. Түүний ард Монголын бүх иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашиг бий. Хэлсэн нь л Э.Бат-Үүл болохоос үзэл бодол нэгтэй ч бичээгүй, хэлээгүй тэр хүмүүс хэнтэй ч дайсагнахгүй, инээд бялхсан сайхан хүн болж харагдаад өнгөрч буйг олон нийт мэдэж л байгаа. “Эрдэнэс МGL”-ийн хувьд өнөөх хулгайчийн гар хөл л болохоос хулгайч өөрөө биш л дээ. Төрийн гэсэн овогтой болгон луйврын үүр болдгийг бодолцож ийн хэлсэн байх. Харин энд шулуухан хэлэхэд хулгайч нь буруу шийдвэр яарч улангасан гаргах гэж буй төр юм.

Э.Бат-Үүл бол төрөлхийн демократ нэгэн. Тиймээс гаднынхан руу давшилсангүй. Оператор компани хөлслөхөөс өөр аргагүй гэдэгтэй ч санал нийлж буй. Тэр тусмаа нэр хүндтэй компанийг дагаж дэлхий дахинд нэр хүнд олоосой гэсэн саналаа ч ярилцлагадаа хэлсэн байна. Өөрийнх нь хэлдгээр “Ард түмний корпораци” байгуулсан ч оператор компанигүйгээр ордыг ашиглах боломжгүй. Гэхдээ харилцааны түүх, геополитикийн нөлөө, өөрийн улсын хүчин чадлыг зөв үнэлж дуугарч байна. Олон улсын консорциум байгуулах нь зөв ч зөвхөн ОХУ, БНХАУ, гэж туйлшрах, эсвэл энэ хоёрын эвсэлд нүүр өгч болохгүй гэсэн түүний болгоомжлолоос буруу хайх аргагүй. Үүнд л Э.Бат-Үүлийн авах гээхийн ухаан оршиж,  зангарагаа гайхуулж чадлаа. Үнэндээ хоёр хөршид Үүлийн нөхөр ч бий, дайсан ч бий биз. Цөс ихт энэ буриад санаснаа шулуухан хэлчихдэг “гажигтай”. Хожим нь түүний үгэнд үнэн багтсан байдаг юм. Үүнийг парламентын болон намын нөхөд нь ч мэдэх биз. Эцэст нь хэлэхэд баатрын үгэнд эгдүүцэж амжина, эргэцүүлэхэд оройтно гэдгийг сануулмаар санагдлаа.”Монгол-999 үндэсний нэгдэл”-ийн сайхан үгсийг дэмждэг, эсэргүүцдэг хүмүүс олон бий. Харин  “Ард түмний корпораци” байгуулах саналыг эсэргүүцэх монгол хүн үгүй биз ээ. Цаадах чинь “үхэхээс бусдыг үзсэн” толгой. Автор нь болох гэж булаалдах жаалуудтай адилгүй. Өнгөрснийг, өнөөдрийг, маргаашийг зөв таамаглан хэлдэг тэрбээр “Зөн билгийн” бус “Эрх ашгийн тулаан”-д бишгүй орж байсныг бид мэднэ. Энэ удаад Тавантолгойн ордын хувьцааны 51-ээс доошгүй хувьцааг өг гэсэн түүний саналыг 2.7 сая иргэн гараа өргөн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

У.Оргилмаа.
 
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж