УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Согтууруулах ундааны хяналтын тухай” хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа бөгөөд хуулийн төслийн талаар цагдаагийн бие бүрэлдэхүүн, найман нэрийн барааны дэлгүүрийн эзэд, эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнууд гээд бүхий л талын төлөөлөлтэй уулзаж, өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Уг хуулийн төслийн талаар түүнтэй ярилцлаа.
-Таны санаачилгаар хамгийн сүүлд эрүүл мэндийн салбарынхныг хамарсан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр мэргэжилтнүүд архи хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа танилцуулж байсан. Тэр талаарх мэдээллээ хуваалцаач?
-Согтууруулах ундаа нь хэрэглэж байгаа хүн болон түүний гэр бүлийнхний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар үнэхээр сэтгэл эмзэглэмээр тоо баримтууд байна. Архинаас хордох, хордлогоор нас барах хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Улсын хэмжээнд жилдээ 100 мянга гаруй хүн эрүүлжүүлэгдэж байна. Хүн амын өвчлөлийн, мөн нас баралтын тэргүүлэх таван шалтгаан нь архинаас үүдэлтэй өвчлөл буюу элэгний хавдар, гэмтэл, зүрх судасны эмгэг байгааг статистик харуулж байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү улам холдсоор байгаа нь архи, тамхи хэрэглэсэнтэй холбоотой гэж үздэг. 25-64 насныхны дундаж нас баралтын тэргүүлэх шалтгаан нь архины улмаас үүсэх элэгний церроз болж байна. Энэ насныхны 60 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс байдаг гэж судалгаанд тэмдэглэгдсэн байна лээ.
Зүрх судасны өвчнөөр нас барагсдын 50 хувь нь согтуу байхдаа нас барсан байдаг. Хөлдөж нас барсан шалтгааны 80 гаруй хувь нь, амиа хорлолтын 55 хувь нь, усанд живсэн үхлийн 55 хувь нь мөн л архидан согтуурсантай холбоотой байдаг.
Зам тээврийн осол аваарын гуравны нэг нь, нийт гэмт хэргийн дөрөвний нэг нь согтуугаар үйлдэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн гол шалтгаан нь архидалттай холбоотой байсаар л байна. Энэ мэтчилэн дурдаад байвал архидалтын сөрөг үр дагавар дэндүү их байгаа тул энэ хуулийг нэн яаралтай батлах шаардлага урган гарч байгаа юм л даа.
-Архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс гэр бүлийнхэндээ айдас түгшүүр, сэтгэл санааны дарамт авчирдаг. Үүнээс гадна эрүүл мэндэд нь ямар нэг байдлаар нөлөөлдөг болов уу?
-Тэгэлгүй яахав, мэдрэлийн ядаргаа, сэтгэцийн хямрал зэрэг шалтгаанаар эмчлүүлж байгаа эмэгтэйчүүдийн 75 хувь нь архичин нөхрөөсөө болж өвдсөн байдаг. Түүнчлэн архинд донтох өвчний улмаас бэлгийн замын халдварт өвчинд өртөмтгий болох, үргүйтэх, үр зулбахад ч хүрдэг. Бүр цаашилбал, генийн гажгийн шалтгаан болдог. Тэгэхээр хүн амын нөхөн үржихүйд архидалт маш муугаар нөлөөлдөг. Олон улсын хэмжээнд ч мөн ДОХ-ын халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэх шалтгаан нь архидалттай холбоотой гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан нотолдог.
Мөн гэр бүлийн гишүүдийн түгшүүртэй байдал нь хүүхдийн мэдрэлийн системд хүчтэй нөлөөлдөг гэнэ. Багаасаа архичин эцэг, эхийн дэргэд өссөн хүүхэд өөрөө ч бас архинд орох магадлал нь өндөр болдог. Хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар 7-8 насандаа архи амсч үздэг, 14-15 насандаа хэрэглэж үздэг гэсэн нь үнэхээр аюултай нөхцөл байдалд байгааг харуулж байна.
-Архинд донтохыг нэг төрлийн өвчин гэдэг. Ийм өвчтэй хүн манайд хэр их байдаг бол?
Манайд 10 мянган хүн тутамд 230 хүн архинд донтож өвчилсөн гэсэн судалгаа байна. Гэхдээ хот, хөдөөд ялгаатай. Тухайлбал, хотод 590, хөдөөд 170 хүн ногдож байна.
-Хуулийн төсөлд архи борлуулах цэгийг цөөрүүлэхээр тусгасан гэсэн. Яг хэд байгааг хэд болгох гэж байгаа юм бэ?
-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 7800 дэлгүүр согтууруулах ундаа борлуулж, 2900 байгууллага согтууруулах ундаагаар үйлчилж байна. Энэ нь 280 хүн тутамд нэг архины цэг оногдож байна гэсэн үг. Олон улсын дунджаас хэд дахин өндөр үзүүлэлт юм. Тэгэхээр согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчлэх цэгийн тоог бууруулах шаардлагатай. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог тухайн орон нутгийн хүн амын тоо, үйлчилгээний хүрээ, эрүүл мэнд, соёлын байгууллага, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байрны байршлыг харгалзан худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно гэж заасан байдаг. Тэгвэл боловсруулж буй хуулийн төсөлд 2000 хүн тутамд нэг архины цэг байхаар тусгасан байгаа. Архидан согтуурах нь ганц манай улсын асуудал биш л дээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, манай дэлхийн хүн амын архины хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж, нэг хүнд ноогдох спиртийн хэрэглээ 20 жилийн дотор хоёр дахин нэмэгдсэн байна.
21-р зуунд хүн амын өргөн хэрэглээ, хүнсний хангамжинд гарсан нэг гаж үзэгдэл бол хүн өөрийнхөө физиологийн бодит хэрэгцээнд тулгуурлах бус зах зээлийн тулгалт, түүний зар сурталчилгаанд хөтлөгдөж, хүнс ахуйн хэрэгцээгээ удирдуулдаг болсон явдал. Үүний нэг жишээ бол архидалт гэж хэлж болно.
Б.ЭНХ