Монгол цэргийн салбадайн найрал

Хуучирсан мэдээ: 2014.05.06-нд нийтлэгдсэн

Монгол цэргийн салбадайн найрал

Аливаа улсын сүр хүч цэрэгтээ, цэргийн сүр хүч жагсаалдаа гэдэгсэн. Энэ үгний үнэ цэнийг өндөрт өргөх гэж “Монгол цэргийн жавхаа” өдөрлөгийг өнгөрсөн бямба гаригт зохион байгуулсан байх. Гэтэл жавхаалаг монгол цэргүүд харийн хачин дуучны аянд “Гангнам стайл” гэдэг бүжиг бүжиглэж, биднийгээ доромжлов. Хаанахын хэн гэгчийг нь сураад байх нь ээ, Монгол цэргийн Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн болж таарлаа. Юун Монгол цэрэг, тэгээд жавхаа вэ?


Даанч дээ. Бүхэл бүтэн тусгаар улсын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн ингэж цог золбоо бүү хэл, сүр сүлд ч үгүй далдаганаж зогсоог харахад Монгол орны минь сүр сүлд үгүй болсныг илтгэх мэт. Улс орны минь сүлд хийморь, эр хүний сүлд хийморь хаачаа вэ?

Дэлхийн талыг морин туурайгаараа тамгалсан Монголын цэрэг эрс хангуг балайрлыг бахархан дуурайхдаа тулсан юм гэж үү. Хөдөө талд, агсам морин дээр хөндөлдүүлэн сууж, "Эр бор харцага"-ыг эрдүүхэн хоолойгоор аялж, тэртээд идээшлэх адуун сүргийн зүг салхи татуулан давхиж, уул тал нутагтаа эзэн хүн шиг эрвэлзэж, эх нутгаа эрслэн хамгаалдаг Монголын хийморьлог эрчүүдийн удам хаана явна. Тавь гаруй жилийн түүхтэй Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим үүнийг хийхийн төлөө таван арваныг туулсан гэж үү?!

Төрийн болон цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагааг явуулах үүргийг тэд хүлээдэг. Өвөг дээдсийнхээ байлдан дагууллыг илэрхийлэх тэнгэрлиг хөгжим, сүрлэг бүжиг алга уу. Бид ингэтлээ доошоо орчихоогүй байлтай. Эрх чөлөөтэй байж болно оо, ингэхдээ Монгол цэргийн жавхааг ингэж газарт гишгэхийг хэн тэдэнд зөвшөөрсөн юм. Эх орны бахархал болсон эр цэргийн жагсаалыг харж бахархаж, зүрх нь булиглаж ахуйд Солонгосын алиа дуучны “балай” бүжгийг хийхээр үндэсний, эх оронч үзэл илүү их хөдлөх болов эргэж босохгүйгээр унтрах болов уу?


Залуус эх орноороо бахархаж, эр цэргийнхээ сүрт жагсаалыг харан омогших ахуйд тэдний эгнээнд багтан, эх орноо хайрлан батлан хамгаалах эрхэм үйлсэд бүхнээ зориулах сэтгэл төрөх ёстой. Тэгвэл ийм салбадайн бүжгийг хараад дахиад араас нь алиалагч болохыг хүснэ гэж үү? Үүнийг зөвтгөл нь Швейцарийн цэргийнхэн ингэж бүжиглэсэн гэдгээр тайлбарлаж болох л байх. Гэхдээ бид чинь хэн билээ. Хэний үрс сад, удам угсаасан билээ дээ. Ингээд бодвол хэнд юу үзүүлэх гээд байгааг нь ойлгосонгүй. Солонгосоор өвчилсөн дүүрэн монголчууд байхад адаглаад бүх цэргийнх нь Үлгэр жишээ найрал хөгжимчид үүний эсрэг зогсч чадсангүй юу.

Тэд бусад газар тэрийгээ гайхуулж болно оо, үгүйсгэхгүй. Бүр тэр улсын иргэн ч болсон хувь хүний эрх. Харин тусгаар улсын төрийн ёслол, хүндэтгэлийг хариуцсан нөхдүүд ингэж болно гэдэг нэг л итгэж чадсангүй. Гоё л харагдаж байна, сүртэй юм гэж ширэв татах нэгэн байх биз. Архи ууж, эхнэрээ араар нь тавьж, эхнэр нь харааж загнаж, дарамталж байж гэмээ нь амьдралд чирч гулдарч, авч явдаг гадны бусармаг ойлголтыг энэ нийгэмд төлөвшүүлж орхивол яах вэ?!      

Монгол эр хүний сайн чанарыг өгүүлсэн Ч.Лодойдамба гуайн "Хугараагүй ноён нуруу”, С.Эрдэнийн "Өвгөн шувуу" өгүүллэгийг, Ш.Сүрэнжав гуайн “Ерин баатрын дууль”, “Тооноор тольдогч сүлд од”, “Зүрхний хилэн”-г уншаагүй үзээгүй атлаа, хошин шог үзэж, солонгосоор солиорч яваа хойч үеийнхэн минь, монголоороо байвал тэдний энд хүрэхгүй, монгол залуус гадаад эрчүүдийн хаана ч хүрэхгүй гэсэн ойлголттой болчихвол яаx билээ.

Ромын хүчирхэг төмөр цэргийг хөдсөн дээл хөдөрч, богино нум сум агсаж, махир сэлэм далайсан, ухрахаасаа хэзээ ч ичдэггүй морьтнууд хоромхон зуурт л газрын хөрснөөс арчиж байсан нь өрнийхний хувьд ичиж үхмээр явдал байлаа. Гэвч энэ л үйлдлээрээ тэд өрний бууран доройтож буй соёл иргэншлийг мөхөөн дорны сэргэн мандах эхлэлийг тавьсан. Тэд бол Монгол цэрэг эрс байсан юм.

Монгол цэрэг эрс гайхамшгийг бүтээсэн юм. Өрнө далайн уснаас ундаалсан морьд нь дорно далайд цангаагаа тайлж байв. Тэдний өмнө торох тороо нь үүл, уул даваа, өтгөн ширэнгэ тайга байлаа. Тэд эзнийхээ сургасанчлан Хүнийг эзлэе хэмээвээс биеийг бус сэтгэлийг эзлэ хэмээгээд зүрх зоригоо чангатгаж байв. Монгол хэмээн зориглон хэлэх угсаатан бүхэн эдүгээ энэхүү бөмбөрцгийн уужимд бий. Нэрт эрдэмтэн Гумилёв нэгэнтээ уулга алдсанчлан монголчууд шиг түүхээ сүйтгүүлсэн ард түмэн байхгүй биз хэмээн санааширсан шиг ингэж элэг доог болох эрх бидэнд үгүй.

Саяхан хангуг нэртэй будааны хүүхдүүдийн балай бүжгийг үлгэр жишээ болгон ийн үзүүлэв. Хэдхэн хоногийн дараа ялалтын баяраар бидэнд африкийн соёл иргэншлээс хоцрогдсон ширэнгэний нуудгайгаа өвсөөр халхалсан хүй нэгдлийн бүжгийг, наадмаар Хятадын хани үндэсний сүрлэн шаахайтай өвгөн луухаан усанд унан өөд болсон, тусаар тогтносон баяраар “Гешагийн түүх” кинонд гардагчилан эх орноо авардаг баатарлаг дууч эмсийн  бүжгийг кимоно өмсөөд соёрхуулах уу?

Биднийг, мохошгүй Монголын цэрэг эрсийн суу алдрыг бүү доромжил!

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж