Хаврын чуулган эхэлсэн өдрөөс хойш улс төрийн хэмийг хамгийн өндөр градуст аваачсан зүйл бол яах аргагүй “давхар дээл” тайлах хуулийн төсөл. Гэвч Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлэг дээрээсээ “ичээндээ” орлоо.
Харин үүнд хамгийн ихээр сэтгэл дундуур яваа хүн бол бие даагч гишүүн С.Ганбаатар гэнэ. Тэрбээр “Би нэг их сэтгэлээр унадаггүй. Энэ удаад сэтгэл маань их гунигтай байна. Ер нь Монголд бүлэглэл дэндүү хүчээ авчихаж. Харин эцсийн дүндээ сайд нарын “Давхар дээл”-ийг тайлна. Ийм арчаагүй зүйлийг зогсоох хэрэгтэй. Хуульчидтай зөвлөлдөж “Давхар дээл”-ийг тайлах гэдэг юм уу, давхар албан тушаал хашихыг зогсоохын төлөө хууль санаачилна. Энэ хуулийг ганцхан Ерөнхийлөгч санаачилдаг юм биш. УИХ-ын ямар ч гишүүн санаачлах эрхтэй. Үүн дээр хатуу ажиллана” хэмээн ярилцлага өгчээ.
Тэгэхээр тун удахгүй С.Ганбаатар гишүүний хуульчидтай хамтран боловсруулан “Давхар дээл” тайлах хуулийн төслийг “ичээ”-ээс нь гаргах нь. Тэрбээр Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун болон Г.Уянга нартай хамтарч Засгийн газар, УИХ-ын гишүүдийн "давхар дээл"-ийг тайлахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж эхэлсэн байна.
П.УНДРАМ
Эх сурвалж: www.olloo.mn